• “Приус”-ыг хориглох хууль хэлэлцэж байна

    УИХ-аар Засгийн газраас өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэж байна. Энэхүү төсөлд баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байх заалтыг оруулж өгсөн нь 2021 оноос Монголд приус унахыг “хориглох” тухай ажээ.

    Шатахуун бага зарцуулдаг тоёота приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын таван авто машины 2-3 нь ийм төрлийн машин. Тэгвэл Засгийн газар  ийнхүү олонхийн унаж буй приусийг хориглох  гэсэн нь сошиалд бөөн шүүмжлэл дагуулах болоод байна.

    Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд өргөн барьсан. Засгийн газар баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхийг хориглох саналаа УИХ-д өргөн барьсан гэсэн үг. Харин өнгөрсөн Баасан гаригт /2019.05.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд олонх нь дэмжээд буй.

    Энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хориглож, урт хугацаанд хэрэглээнээс халах бодлогыг баримталж буй. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 970.880 тээврийн хэрэгсэл бий. Үүний 60 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй.

    Зам тээврийн хөгжлийн сайд  Б.Энх-Амгалан  өчигдөр /2019.06.04/ мэдээлэхдээ “Ард түмний унаа болсон приус машиныг 2021 оноос явуулахгүй гэсэн заалт”-ыг татаж авна гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр “Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс удахгүй болох хуулийн эхний хэлэлцүүлгээр  баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх гэсэн заалтыг татаж авна. Учир нь, өнөөдөр ард түмний амьжиргаа  муу байна. Ард түмний гол унаа болсон приус машиныг баруун гар талдаа жолооны хүрдтэй гэдэг шалтгаанаар буцаан татна гэсэн ойлголт байж болохгүй” гэлээ.

    Дээрх асуудал цахим орчинд олны анхаарлыг татсанаас хойш ийнхүү салбарын сайд нь өөрөө өргөн барьсан төслийнхөө дээрх заалтыг хасна гэдгээ мэдэгдлээ. Дээрээс нь сонгууль дөхөж байгаа үед ийм шийдвэр гаргах нь эрсдэлтэй гэж үзсэн бололтой. Одоогоос хоёр жилийн өмнө баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах  тухай Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга хийж байсан ч   иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран дээрх шийдвэрээ буцааж байсан удаатай.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ