“Forbes” Рианнаг хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэйгээр нэрлэв

Америкийн алдарт дуучин, жүжигчин Рианна Forbes сэтгүүлээс гаргасан хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэй гэсэн жагсаалтыг тэргүүлсэн ба түүний хөрөнгө 600 сая доллараар үнэлэгджээ.

Forbes сэтгүүлийн жагсаалтад Рианнагийн араас Мадонна (570 сая доллар), Селин Дион (450 сая доллар), Бейонсе (400 сая доллар) нарыг оруулжээ.

Рианна тансаг бараа бүтээгдэхүүний зах зээлд гол тоглогч болох LVMH Moet Hennessy Louis Vuitton зэрэг олон улсын групп компаниудтай түншилж чадсаны үр дүнд ийм амжилтад хүрсэн гэдгийг тэмдэглэжээ. Тус компанийг тэрбумтан Бернард Арно тэргүүлдэг бөгөөд тэдний гэр бүлийнхэн Forbes сэтгүүлээс шалгаруулдаг дэлхийн хамгийн баян гэрбүлийн жагсаалтын дөрөвт 76 тэрбум долларын хөрөнгөтэйгээр оржээ.

Нийтлэлд дурдсанаар Рианна LVMH-тай хамтран Fenty Beauty гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг эзэмшдэг. 2017 оны 9-р сард бүтээгдэхүүнээ анх борлуулж эхэлсэн бөгөөд эхний хэдэн долоо хоногт гэхэд л борлуулалтаас 100 орчим сая доллар олсон байна. Рианнагийн Instagram дансаар дамжуулан 71 сая хүн захиалсанаар гоо сайхны сурталчилгаа хийх болсон гэж Forbes бичжээ.

Үүнээс гадна Рианна нь Savage X Fenty дотуур хувцасны шугамыг Америкийн TechStyle Fashion Group компанитай хамтран эзэмшдэг. Тэрбээр мөн тоглолт болон цомог гарган сая сая доллар олдог билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ