• Ерөнхийлөгч хоригийг хүлээж аваагүй тогтоолд хориг тавьж,Үндсэн хууль зөрчжээ

    Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьснаа албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдсэн. Энэ нь шуугиан тариад байна.

    УИХ-аар хоригийг хэлэлцэх үед 39 гишүүн санал хураалтад оролцон 25 нь хоригийг хүлээн авахгүй гэсэн бол 14 нь хүлээж авна хэмээх санал өгсөнийг хууль ёсны шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

    Харин “УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн гаргасан “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх хууль бус “горимын санал”-аар санал хураалтын дүнг хүчингүй болгон, дахин санал хураалт явуулж, төрийн эрх барих дээд байгууллагын болон ард түмний элч болох Улсын Их Хурлын гишүүдийн хууль ёсны шийдвэрийг хууль бусаар өөрчилсөн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, бүдүүлэг, эрх зүйт төрийн ёсонд огт нийцэхгүй үйлдэл гэж үзэж болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар гишүүнээс гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй” гэж заасан гэдгээр асуудлыг хөндөн тавьж хоригийг хүлээж авсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

    Ерөнхийлөгчийн энэхүү хоригийн тухайд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

    Хориг хүлээж авахгүй гэсэн УИХ-ын шийдвэр болох тогтоолд хориг тавьжээ. Уг нь хоригийг хүлээж авахгүй гээд санал хураагаад шийдчихсэн, шийдвэрээ тогтоол болгоод гаргахаар нь хориг тавьчихжээ. 1 асуудалд 2 хориг тавьж. Тэнэглэлд хязгаар үгүй гэж үнэн юм байна даа гэж жиргэжээ.

    Хуульч О.Мөнхсайхан:

    Eрөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан УИХ-ын тогтоолд Eрөнхийлөгч хориг тавих бүрэн эрх байхгүй.Хоригийн талаарх шийдвэрт хориг тавихыг зөвшөөрвөл хориг тасралтгүй тавьж УИХ шийдвэр гаргаж чадахгүй болно.Eрөнхийлөгч хоригийн бүрэн эрхээ 2 удаа урвуулан ашиглаж Үндсэн хууль зөрчив.

    Eрөнхийлөгчийн зүгээс ингэж хууль тогтоомж гаргах боломжгүй болгох нь Үндсэн хуулийн 25-д “хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэснийг зөрчинө.Үндсэн хуулийн 33.1.1: УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүний 2/3 хоригийг хүлээн аваагүй бол  хууль, бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ” гэж заасан гэжээ.

    Мөн зарим хүмүүс УИХ-ын энэхүү тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Цэцэд хандах тухай ч ярьж байна. Ийнхүү Ерөнхийлөгч УИХ-ыг, эсрэгээрээ УИХ Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн Цэцэд өгч гурвалжин, дөрвөлжин бөөн асуудал үүсэх бололтой.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ