• Д.Сарангэрэл:Өрхийн эмнэлэгт  шинэ төгсөгч  биш олон жилийн туршлагатай эмч нарыг ажиллуулна

    2019-06-04

    Өрхийн  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

    Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дөнгөж их сургуулиа төгссөн төгсөгчид очдог. Үүнээс үүдэлтэй буруу онош тавьдаг гэх мэт хэл ам  их гардаг?

    -Энэ маш чухал асуудал. Иргэд Өрхийн эрүүл мэндийн төвд сэтгэл дундуур байдаг нэг шалтгаан нь энэ юм.

    Дөнгөж шинээр сургууль төгссөн мэргэжилтнүүдийг  Өрхийн эрүүл мэндийн төвд эмчээр илгээдэг байсан. Үүнийг бид зогсоосон. Монгол хүний өөрийнх нь ч гэсэн сэтгэл зүйн онцлог бий. Олон жил ажилласан туршлагатай эмчид үзүүлж байж итгэл үнэмшил төрдөг. Аль ч талаасаа туршлагатай эмч өрхийн эрүүл мэндийн төвд байх нь зөв.

    Тиймээс шинэхэн төгссөн залуу эмч нар хоёр жил Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаад цаашид сурахаар явдаг дамжин өнгөрөх  бааз байсныг өөрчилж, аль болох туршлагатай эмч нарыг ажиллуулах журмыг хийсэн.

    Сургууль төгссөн шинэхэн оюутнууд Өрхийн эрүүл мэндийн төвд ажилладаг гэсэн ойлголт байхгүй болсон гэж ойлгох хэрэгтэй.

    Гэхдээ өрхийн эмнэлэгт туршлагатай эмч нарыг татахын тулд цалин мөнгийг нь нэмэх, ажил хөдөлмөрийг нь үнэлэх шаардлагатай. Тиймээс нэг хүнд оногдох  тарифийг нэмэгдүүлэх ёстой юм. Учир нь энэ тарифаар өрхийн эрүүл мэндийн төв санхүүждэг. Энэ тарифийг цаашид нэмэгдүүлж 25 мянган төгрөг болгох  шаардлагатай.  Үнэхээр энэ тариф батлагдвал өрхийн  эрүүл мэндийн төвүүд маань үйл ажиллагаа нь бэхжих боломж бүрдэх юм.

    -Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхижуулснаар хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд яамнаас ямар бодлого барьж байна вэ?

    -Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөмж өгч байгаа.

    Яг таны асуусанчлан хоёр, гуравдахь шатлалын эмнэлгийн байгуулагуудын ачаалал бууруулах гол үндэс суурь нь Өрхийн эрүүл мэндийн төв юм.

    Өвдсөнийх нь дараа биш дөнгөж өвдөнгүүт  нь шуурхай арга хэмжээ авснаар тухайн иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбартай холбоотой төсвийг хэмнэх  гэх мэт үүд хаалга нээгдэж байгаа. Ер нь хоёр,гуравдахь шатлалын эмнэлэгт очно гэдэг нь тухайн хүний эрүүл мэндийн байдал хүндэрсний илрэл. Тиймээс ДЭМБ-ын өгч байгаа зөвлөмж их оновчтой.

    Хоёр, гурав дахь шатны эмнэлэгт очих тусам эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал хязгааргүй, ероолгүй сав шиг байна шүү гэж байгаа.

    Тийм ч учраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч байна. 2016 онд Өрхийн эмнэлгүүд нэг хүнд 14600 төгрөгийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан.  Харин өнөөдрийн байдлаар 20000 төгрөг болж нэмэгдсэн байна.  Үүнийг 2020 онд 25 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх саналаа Сангийн яаманд хүргүүлэхээр бэлтгэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэг хүнд оногдох тарифаар хязгаарлаж болохгүй. Тоног төхөөрөмж, барилга, их засвар гээд олон зүйлээр нь дэмжих  шаардлагатай. Мөн Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор мобайл технологийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь өндөр ач холбогдолтой юм.

    Зүрхний бичлэг, эхо гэх мэт найман төрлийн шинжилгээг малчны хотонд, алслагдсан дүүргийн Дорж гуайн гэрт нь очоод эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн.

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 82 нэгжид энэ үйлчилгээ нэвтэрсэн. Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг дэмжсэнээр энэ мэт үр дүнгээ өгч байгаа олон жишээ байна.

    Тухайлбал, Монгол хүний дундаж наслалт 2016 онд 69 байсан бол үндэсний хэмжээнд 71 болсон байна.

    2016 онд УИХ-аас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичгийг баталсан. Үүнд, 2030 он гэхэд Монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэнэ гэж дэлхийн нийтийн өмнө амласан. Эхний зорилт нь 2022 онд 71-д хүргэх байсан. Энэ  нь анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ бэхжиж байгаагийн нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн гавьяа гэж үзэж байна.

    -Өрхийн эмнэлгүүд шинжилгээ авдаг болсон. Тоног төхөөрөмж нь сайжирсан уу. Иргэд хувийн лабораториор үйлчлүүлдэг үе өнгөрсөн гэж ойлгож болох уу?

    -Өрхийн эрүүл мэндийн төвүүд маань анх удаа Эрүүл мэндийн даатгалын сангаасаа санхүүжих боломж бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл, эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ. Энэ нь юу  вэ гэхээр сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээ, гэрээр нь очиж үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, өдрөөр, оношилгоо шинжилгээнийхээ багцийг нэмэгдүүлэх гэх мэт юм. Энэ  тохиолдолд иргэдээс мөнгө гарахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас эдгээр үйл ажиллагааны санхүүжилтийг хийнэ. Тухайлбал, 2018 онд 5.2 тэрбум төгрөгийг энэ үйл ажиллагаанд зарцуулсан.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ