Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгаж эхэллээ

Гудамж талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй самбаруудыг  буулгаж эхэллээ.  Ялангуяа  зам дагуу байрлуулсан сурталчилгааны самбарууд нь  замын харагдах орчныг хязгаарлаж, аваар осол гарах нэг шалтгаан болдог төдийгүй хотын өнгө үзэмжид ч таатай нөлөөлдөггүй.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан гадна зар сурталчилгааны самбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, хориглосон бүсэд сурталчилгааны самбар байршуулж, хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Энэ  хүрээнд зөрчилтэй самбаруудыг буулгах, зөрчлийг арилгах ажлыг НИйслэлд эхлүүлээд байна.  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нарны зам дагуу байршуулсан “Грийн Сити” ХХК-ийн 4×9 метр хэмжээтэй хоёр талт, Чингүнжавын гудамж дагуу байршуулсан “Монос” ХХК-ийн 3×6 метр хэмжээтэй хоёр талт зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгаад байна. Цаашид ч зөвшөөрөлгүй самбар, сурталчилгааг  буулгах ажлыг үргэлжлүүлэх аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ