• Ирэх пүрэв гаригт Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоёр гишүүний нэр тодорно

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг нөхөн сонгох үйл ажиллагаа энэ өдрүүдэд өрнөж байна. Өнгөрсөн сарын 25-нд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж болон гишүүн Д.Эрдэнэчулуун хоёрын бүрэн эрхийн хугацаа дууссан. Шүүхийн ерөнхий зөвлөл нь таван гишүүнтэй байх ёстой ч энэ оны нэгдүгээр сард О.Зандраа тэтгэвэртээ гарснаас хойш нэг суудал өнөөг хүртэл эзэнгүй  байгаа юм. Тэр нь Улсын дээд шүүхийн квоттой нэг суудал.

    ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж болон гишүүн Д.Эрдэнэчулуун хоёрын орны хүнийг сонгох шүүгчдийн нэрс эхнээсээ тодорч байна. Зөвлөлийн гишүүдийг Анхан шатны шүүхийн шүүгчид болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс сонгож тэр хоёрыг орлох ёстой. Зөвлөл бүрэлдсэний дараагаар  Зөвлөлийн гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар хэнийг  томилох вэ гэдэг саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

    Анхан шатны шүүхийн шүүгчдын тооллогын төв комиссоос ШЕЗ-ийн гишүүнд 13 хүнийг нэр дэвшүүлээд байна. Өмнө нь нэг хоёр хүн нэр дэвшээд нэг нь сонгогддог байсан бол энэ удаад ийм олноороо нэр дэвшиж байгаа нь анхны тохиолдол болохыг шүүхийхэн ярьж байгаа юм.

    Нэр дэвшигчид:

    • Увс аймгийн харьяатай, МУИС-д багшилж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж явсан,  ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Т.Мэндсайхан,
    • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа Баянхонгор аймагт төрж өссөн А.Насандэлгэр,
    • Хэнтий аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2013 оноос хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Ц.Оч,
    • Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр хэдхэн хоногийн өмнө томилогдсон Х.Ганболд,
    • ХЗДХЯ-нд ахлах мэргэжилтэн, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан, 2014 онд шүүгч болж, 2015 оноос Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй А.Сарангэрэл,
    • Увс аймагт төрж өссөн, 2015 оноос хойш Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Л.Энхтайван,
    • 2015 оноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй Д.Оюумаа,
    • 2016 оноос Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилласан П.Туяат,
    • 2016 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Б.Баатар,
    • Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ жилээс “Сити” дээд сургуулийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа Д.Мөнх-Эрдэнэ,
    • 2013 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Д.Мягмаржав,
    • Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2015 оноос ажиллаж буй Б.Хажидмаа нар нэрээ дэвшүүлжээ.

    Эдгээр хүмүүсийн нэг нь Н.Лүндэндоржийн оронд ШЕЗ-ийн гишүүн болно. Харин Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тооллогын төв комиссоос дөрвөн хүнийг ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлжээ. Эдний нэг нь Д.Эрдэнэчулууны оронд ШЕЗ-ийн гишүүн болно гэсэн үг юм.

    Нэр дэвшигчид:

    • Сэлэнгийн харьяатай, 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа Д.Цогтсайхан,
    • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт газрын даргаар ажиллаж байгаад 2018 оноос Оюуны өмчийн газарт хэлтсийн даргаа ажиллаж эхэлсэн Э.Мягмардорж,
    • “Шинжээч XXI” сургуульд хуульч мэргэжил эзэмшиж, МУИС-д магистрын зэрэг хамгаалаад 2014 оноос хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Э.Зоригтбаатар,
    • Төв аймгийн харьяатай, 2016 оноос Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Ц.Өрнөндэлгэр нарыг Давж заалдах шатны шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комиссоос нэрийг нь дэвшүүлжээ.

    Нөгөөдөр буюу энэ сарын 6-нд Анхан шатны болон Давж заалдах шатны бүх шүүгчдийн зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнөөр цахимаар санал хураалт явуулан дээрх нэр дэвшигчдээс  Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоёр гишүүнийг томилно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ