
МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа ирэх оны сонгуулийг “Нэг улс нэг тойрог” тогтолцоогоор явуулах шийдвэрт хүрснээ танилцуулсан. Энэ талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.
-“Нэг улс нэг тойрог” тогтолцооны давуу болон сөрөг тал нь юу вэ?
-Ирэх онд явуулах сонгуулийн тогтолцоог эрх баригч нам хэлэлцсэн байна. Нэг нам 76 нэр дэвшигчийг улс орон даяар дэвшүүлнэ гэж байгаа нь хөрөнгө мөнгө ихтэй эсвэл боловсон хүчний хувьд нөөц боломжтой намд давуу байдлыг бий болгоно.
УИХ-д суудалгүй намууд 76 хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг хөрөнгө мөнгө, хүний нөөцийн хувьд боломжгүй. Сонгуулийн сурталчилгаа нь маш их хэмжээний мөнгө шаарддаг. Бүх намаас 76 хүн нэр дэвшихгүй. Мөн 76 нэр дэвшигчийг сонгогч судална гэсэн үг.
Сонгогч нэг л хүнийг дугуйлна гэж байгаа боловч 76 хүнийг харьцуулж байж сонголтоо хийх болно. Гэтэл сонгогчдод харьцуулалт хийх боломж нь хэр билээ. Click To TweetМэдээлэлд ойр, цахим орчинд байгаа хүмүүсийн хувьд хэн, хэн хаана нэр дэвшиж байгааг харж, судлаад нэр дэвшигчдийг харьцуулаад сонгох боломж нь байгаа байх. Гэтэл мэдээллээс хол сонгогчид жалга довны үзлээрээ юм уу эсвэл хэн надад юу өгч байлаа, манай хүүхдийг сургуульд оруулж өгсөн бил үү гэх мэт зүйлийг бодож байгаад л сонголтоо хийнэ гэсэн үг. Энэ нь өөрөө эрсдэл юм.
-Өмнө нь ийм тогтолцоогоор сонгууль болж байгаагүй. Манайх шиг хүн амтай, эдийн засагтай улсын хувьд сонгуулийн ямар тогтолцоо оновчтой вэ?
-Одоо мажоритар тогтолцоо голлож байна. Мажоритар нь хоёр том намыг гаргаж ирдэг сөрөг талтай. Маш их санал дунд нь гээгдэж хаягддаг тогтолцоо юм.
Үүнийг холимог тогтолцоо руу оруулья, пропорционалийн давуу талыг ашиглая гээд ярьж байна. Манай улсад аль аль нь л дутагдалтай байгаа учраас зөв хэрэглэх шаардлагатай.
Холимог тогтолцоо манай улсад тохирно гэж судлаачид үздэг. Эрх баригч намаас оруулж ирж байгаа энэ тогтолцоо цааш явна гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Хэрвээ энэ тогтолцоогоор сонгууль явнаа гэх юм бол иргэд болон иргэний хөдөлгөөний байгууллагуудаас эсэргүүцэл өрнөхийг үгүйсгэхгүй. А ч юм уу Б нэр дэвшлээ гэж бодоход Монгол Улс даяар сонгуулийн сурталчилгаагаа хийж, бүх сонгогчидтой очиж уулзаж байж тэр хүн парлементын гишүүн болох боломжтой болно.
Түүнээс биш бие даагч эсвэл УИХ-д суудалгүй жижиг улс төрийн намуудад ямар ч ашиггүй хувилбар юм. Click To Tweet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.