• Оюутолгойд хийж буй шалгалтыг сарниулах гэсэн нийтлэлч  Баабарын ажиллагааг МАН-ын генсек илчиллээ

    2019-06-03

    Өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний биелэлтэд  хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, тайланг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, танилцуулж байх үеэр “Эрх баригчид Хятадуудад Оюутолгойг зарах нь” гэх мэдээлэл твийтэр, фэйсбүүкээр тарсан.

    Уг мэдээллийг анх нийтлэлч Баабар олон нийтэд цацсан бөгөөд  өнгөрсөн  сарын 29-нд “Хятадын Коммунист Намын ТХ-ны гадаад худалдааны хэлтсийн дарга хилээр машинаар орж ирэн Оюутолгойн далд уурхай орон танилцаад эргээд машинаар хил гаран одлоо. Зочдыг МАН-ын зохих удирдлагын хүмүүс тосон авч далд уурхайд хамт орон танилцуулав. Авах эзэн адууныхаа шүдийг үзээд буцлаа” хэмээн жиргэсэн байдаг. Тухайн үед БНХАУ-ын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжун манай улсад албан айлчлал хийж, МАН-ын генсек Д.Амарбаясгалан түүнийг дагуулан Тавантолгой, Оюутолгойн бүтээн байгуулалттай танилцуулахаар орон нутагт ажиллаж байсан бөгөөд Баабар уг үйл явдлыг бичсэн нь тэр ажээ.

    Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараахь тайлбарыг хийжээ.

    Д.Амарбаясгалан:

    Өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван  Яжун манай улсад албан ёсны айлчлал хийсэн.  Айлчлалын үеэр зочид төлөөлөгчид Оюутолгой, Тавантолгойн далд уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Дэд сайдын хувьд Монголтой холбоотой асуудлыг шийдэх, түлхэц өгч чадахуйц хэмжээний албан тушаалтан.

    Айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, АН-ын Эрдэнэ дарга нартай  уулзсан. Өнгөрсөн жил Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлал хийсэн. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга  тус улсад айлчлал хийсэн. Эдгээр айлчлалын хүрээнд яригдсан хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, одоо хэрэгжиж байгаа томоохон төслүүдийг хурдасгахад түлхэц өгөх зорилготойгоор манай улсад айлчлал хийсэн.  Өнгөрсөн жил тус улсад хийсэн Ерөнхий сайдын  айлчлалын хүрээнд шийдэгдээд ажил  нь эхэлсэн Төв цэвэрлэх байгууламж, Налайх чиглэлийн хурдны зам зэрэг томоохон бүтээн байгуулалт, төслийн явц ямар шатанд байгаатай танилцах гэж ирсэн.

    Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол бүтээгдэхүүн уул уурхай. Уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гарч байгаа гол боомт нь Гашуун сухайтын боомт юм.Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд энэ боомтыг олон улсын чанартай томоохон боомт болгох саналыг Хятадын талд тавьж байсан. Тиймээс Гашуун сухайтын боомтын үйл ажиллагаатай танилцсан. Зам зууртаа Тавантолгой, Оюутолгойн үйл ажиллагаатай танилцах хүсэлтээ өөрөө тавьсан. Зочны ёсоор танилцаад явсан гэдгийг тодотгож хэлье.

    МАН Оюутолгойг Хятадуудад зарах нь гэдэг мессежийг тавьсан хүнийг та бүхэн мэднэ. Маш олон сая ам.долларыг олон жилийн турш Оюутолгойгоос гэрээлж авч пиарыг нь хийдэг хүн шүү дээ. Өнөөдөр хүртэл нэг нийтлэл нь гарсан байна лээ. Та бүхэн тэр нийтлэлийг нь ухаад ойлгох юм бол Монголын ард түмний хүсэл сонирхлын эсрэг нийтлэл, мэдээллүүдийг гаргаад байгаа. Тэрийгээ улстөрийн нам, улстөрийн албан тушаалтныг оролцуулж олон нийтийг хууран мэхлэх зорилгоор хийж, ажиллаж байгаа. Нэг ёсондоо Оюутолгойд орж байгаа шалгалтын хурдыг саринуулах зорилготой Хятадуудад худалдах нь гэсэн мэдээллийг гаргаж тавьсан” гэжээ.

    МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хэлснээр бол нийтлэлч Баабар Оюутолгойд орж буй шалгалтын хурдыг сарниулах зорилгоор эрх баригчид Оюутолгойг Хятадуудад зарах нь гэх мэдээллийг тараажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ