“Улаанбаатар-Нур-Султан” чиглэлд шууд нислэгтэй боллоо

“Нур-Султан-Улаанбаатар” чиглэлд өнөөдрөөс эхлэн шууд нислэгтэй боллоо. Өмнө нь Казахстан, Монголын иргэд хоорондоо зорчихдоо тойруу чиглэлээр буюу хоёр хоногийн  турш урт зам туулдаг байсан бол шууд нислэгтэй болсноор ердөө гурван цаг зарцуулах аж.

Энэ тухай “СКАТ” авиа компанийн комперц хариуцсан захирал Николей Анатольевич Буряков “Манай компани 1997 оноос эхлэн 22 жилийн турш олон улсад үйлчилгээ үзүүлж ирсэн. Харин өнөөдөр Казахстан Монголын хооронд анх удаа шууд нислэг хийлээ. Казахстан иргэдийн хувьд Монголын цаг агаар, соёл иргэншил маш сонирхолтой санагддаг төдийгүй өнөөдрийн анхны нислэгээр Казахстанаас Монголд олон тамирчин, жуулчин ирсэн гэдгийг дуулгахад таатай байна.

“Нур-Султан-Улаанбаатар” чиглэлийн нислэгт орчин үеийн шинэ техник, технологиор хангагдсан, 144 хүний суудалтай онгоцоор үйлчилж байна. Уг онгоц нь Даваа болон Пүрэв гарагт 06:00 цагт хөөрч, 07:30-д Астана буюу “Нур-Султан” хотод очих юм.
Үнийн хувьд нэг талын тийз 240-250 ам.доллараар худалдаалагдаж байгаа бөгөөд хоёр талын нислэгийн тийзийг 460 ам.доллараар авч болно.

Мөн манай компанийн нислэгээр монголчууд зөвхөн Нур-Султан гэлтгүй Казахстаны өөр олон хотоор аялах боломжтой бөгөөд Нур-Султан хотоор дамжин цааш Европын хэд хэд улс руу зорчих боломж бүрдэж байна. Тус шууд нислэг нь Монгол, Казахстан улсын харилцааг илүү сайжруулна гэж бодож байна” гэв.

Казахстан улсын Элчин сайд К.Кобландин “Хоёр улсын хооронд  шууд нислэг бий болсон нь нэр төрийн хэрэг. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-нд Казахстаны нийслэлд зохион байгуулагдсан хоёр талт худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын VII хуралдааны 17 дугаар зүйлийг бид бүхэн өнөөдөр хэрэгжүүлж байгаад баяртай байна. Шууд нислэг хийх таатай нөхцөлийг хангаж өгсөн Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, ИНЕГ болон бусад эрх бүхий байгууллагад талархлаа илэрхийлье. Нур-Султан- Улаанбаатар чиглэлд шууд нислэг бий болсон нь хоёр ус хооронд улс төрийн болон эдийн засаг, аялал жуулчлалын салбарт үр нөлөөтэй төдийгүй хоёр улсын иргэд хоорондоо жуулчилж, улс орнуудын соёл иргэншилтэй танилцах боломж бүрдэж байна.

Өнөөдрийн анхны нислэгээр Казахстаны бизнес эрхлэгчид маргааш болох “Казахстаны худалдаа, эдийн засгийн форум”-д оролцохоор ирсэн нь билэгдэлтэй явдал юм. Олон улсын энэхүү шинэ нислэг нээгдсэн явдал хоёр улс хоорондын харилцааг өндөр түвшинд хөгжүүлэхэд том түлхэц болно гэдэгт итгэж байна. Энэ завшааныг ашиглаад монгол ахан дүүсийг “СКАТ” авиа компанийн нислэгээр Казахстан руу аялахыг урьж байна” гэлээ.

Нислэгийн тийзийг сайтаас захиалахаас гадна Улаанбаатар хотод байрлах “СКАТ” авиа компаниас авч болох бөгөөд тус нислэг нь долоо хоногт хоёр удаа буюу Даваа, Пүрэв гарагт 06:00 цагт нисэх ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ