• Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаасаа түдгэлзэж байгаад тэмцлээ үргэлжлүүлнэ гэв

    2019-06-03

    МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр  сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр өөрийг нь “баалаад” буй хэд хэдэн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийж, хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр, Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” ХХК,  Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн албан тушаалаас түтгэлзэж байгаа зэрэг гурван асуудлаар мэдээлэл өгөв.

    Өнгөрсөн сард “Тост, тосон бумбын нуруунд үйл ажилллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” ХХК-ийн үйл ажиллагааг сурвалжлуулахаар “Хараат бус уул уурхай” хэвлэлийн багийг орон нутагт ажиллуулсан. Орон нутагт ажиллах үеэр компанийн ажилчид болон сэтгүүлчдийн багийнхны дунд үйл ойлголцол гарч, замбараагүй байдал үүссэн тухай олон нийтийн сүлжээгээр цацагдаж байв

    Тэрбээр  “Анх 2017 оны дөрөвдүгээр сараас би сэтгүүлчид ажиллуулж, өөрөө явж сурвалжлага хийж байсан. Би Өмнөговь аймгийн иргэн. Энэ асуудалд хандахдаа Өмнөговь аймгийн иргэний хувьд, сэтгүүлч хүнийхээ хувьд хандаж байгаа. МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хуваарь хандаагүй. Сурвалжлага хийх явцад нь би хэлж байсан. “Миний ч юм уу хэн нэгний байр суурь, үзэл бодлыг битгий тусгаарай. Та бүхэн өөрийнхөө байр сууринаас хандаарай” гэж хэлсэн. Харамсалтай нь хамт явсан зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилгаа гаргаагүй, гаргах боломжгүй байх шиг байна” гэв.

    “Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй тус компанийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4,5-нд хяналт шалгалт хийхэд 30 зөрчил илэрчээ. Зөрчлөө арилгах үүрэг бүхий 22 зүйл албан шаардлагыг хүргүүлсэн  байна. Хяналт шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүд нь тус компанийн үйл ажиллагааг зогсоох хангалттай баримт болох ч үйл ажиллагаага зогсоох нь байтугай зөрчлөө арилгахгүй өнөөг хүрч байгаа  талаар тэрээр хэллээ. Тиймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өөрийн нэрээр дахин шаардлага хүргүүлжээ. Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага өөрийнх нь хүсэлтийг шударга хандана гэдэгт итгэж байна” гэлээ.

    Х.Мандахбаяр мөн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх мэдээлэлд тайлбар өглөө.

    “Би Амарсайхан даргыг ямар нэгэн байдлаар шантаажлаагүй. Хэвлэл мэдээллийг нухчин дарж, чөлөөт хэвлэлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж, боомилж байгааг нь би тэвчихгүй. “ТВ8” телевизийн эфирийг хаасан. Өнгөрсөн жилээс би энэ телевизийг худалдаж авах талаар холбогдох хүнтэй нь уулзаж, ярьж ирсний үндсэн дээр энэ жил худалдаж авсан. Туулын бургасыг хядсан “Зүүнбаян рефайнар” ХХК-ийн талаар мэдээ хүргэсний маргааш буюу эфир хаагдсан өглөө миний нэр дээр шилжиж ирсэн.   Одоо хүртэл MNBC кабель дээр “ТВ8” нээгдээгүй байгаа.

    Өнгөрсөн сарын 3-нд Амарсайхан даргын өрөөнд хэвлэлийн албаны дарга Мөнхбаатар бид гурав уулзсан.   Хотын дарга   хэвлэл мэдээллийн байгууллагыг  тал бүрээр дэмжиж ажиллах боломжтой гэж ярьсан. Миний хувьд “Сэтгүүлч ордон” барих газрын татвар 74 сая төгрөгийг шийдэж өгөх хүсэлт тавьсан.  Амарсайхан дарга НИТХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбарыг өгсөн. Ердөө л ийм яриа өрнөсөн.

     Би МСНЭ-ийн ерөнхийлөгч байгаагийнхаа хувьд энэ шударга бус байдалтай тэмцэж болохгүй байгаа юм бол энэ албан тушаалаасаа түдгэлзье. Саналаа Удирдах зөвлөлдөө хүргүүлсэн

    Гэхдээ би бууж өгөхгүй. Миний тэмцэл үргэлжлэх болно. Хотын даргын захиалгаар намайг гүтгэж доромжилж байгаа яруу найрагч Галсансүх, Амарсайхны ах Уламбаярын дор ажиллаж байгаа сэтгүүлч Мөнхтөр, Уламбаяр нарыг цагдаад шалгуулахаар хандсан.

    Тиймээс, Туулын бургасыг хядсан “Зүүнбаян рефайнер” ХХК тэр талбайгаа нөхөн сэргээхээс нааш, байгаль орчинд учруулсан хохирол 9.9 тэрбум төгрөгийг  барагдуулахаас нааш, хэвлэлийн эрх чөлөөг хааж боосон гомдол эцэслэн шийдэгдэхээс нааш, 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал хуулийн байгууллагаар эцэслэн шийдэгдэхээс нааш С.Амарсайхан хотын дарга байх эрхгүй. Бид хоёрын аль нэг нь хуулийн өмнө зогсох ёстой” гэлээ.

    Түүний хувьд харвалтын анхны шинж тэмдэгтэйгээр эмэнэлэгт хүргэгдэн сүүлийн гурван хоног   эмчилгээ хийлгэж байгаа гэсэн юм.

    С.Дулам

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ