Улсын хэмжээгээр хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигч УИХ-ын гишүүн болох хуулийн төсөл бэлэн болжээ

2019-06-03

МАН-ын бүлгийн өнөөдрийн  хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.  Захиргааны ерөнхий хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзжээ.  УИХ-аас чиглэл өгсний дагуу аливаа улс төрийн шийдвэр гаргасан тохиолдолд тухайн Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүхэд хянахгүй  байх зохицуулалтыг уг хуулиар хийсэн. Ерөнхийлөгч уг хуульд бүхэлд нь хориг тавьсан ба хоригийг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж үзсэн байна.

Мөн  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан учир түүний оронд ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа  Г.Баясгалангийн нэрийг санал оруулж  ирснийг бүлэг дэмжжээ

МАН-ын бүлгээр хэлэлцсэн гурав дахь чухал асуудал нь  Сонгуулийн хуулийн нэмэлт,өөрчлөлт юм. Уг өөрчлөлтөөр УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүрийнх нь хуулиар тус тусдаа явуулахаар болжээ.  Ардчиллын түүхэн дэх долоон удаагийн сонгуулийн  дөрвийг нь  жижиг мажоритараар, гурвыг нь том мажоритар болон холимог тогтолцоогоор явуулсан байна. Цаашдаа сонгуулийн хуулийг эрх баригч намд биш,ард түмэнд ашигтайгаар явуулах нь зөв гэж үзэн дөрвөн хувилбар дээр ярилцсан гэдгээ мэдээлжээ.

Үүнд:

  • том мажоритар
  • бүс нэг буюу бүсчилсэн тойрог
  • жижиг мажоритар
  • нэг улс нэг тойрог байх хувилбар оруулж ирсэн.

Эдгээр дөрвөн хувилбараас  Монгол улс нэг тойрог байх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн байна. Жижиг тойргоор явуулсан сонгуулийн үр дүн  улс орны эдийн засгийн чадавхийг сулруулдаг нь харагдсан бөгөөд цаашид  тогтвортой хөгжихийн тулд 76 гишүүн нэг тойргийн системээр ажиллах шаардлагатай гэсэн хувилбар оруулж иржээ.  Нэг улс нэг тойрог гэдэг нь  улс төрийн нам  76 хүртэлх хүнийг (76-гаас доош хэд ч байж болно) нэр дэвшүүлэх   бөгөөд сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлах юм байна. Улсын хэмжээгээр нийтдээ 600 хүн нэр дэвшлээ гэхэд улсын хэмжээнд хамгийн олон санал авсан 76 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ