• Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр УИХ төсвийн болон томилгооны эрх мэдлээсээ татгалзана

    -Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлтийг 20 жилийн дараа өөрчлөхөөр ажиллаж байна-

    Эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөлтийг энэ хаврын чуулганы хугацаанд багтааж өөрчлөхөөр төлөвлөж байна.Тэгвэл яг ямар өөрчлөлтүүд оруулах вэ?Сүүлийн үеийн ажлын хэсгийнхний мэдээллүүдээс харвал 2000 онд тухайн үеийн олонхийн хүч түрэн оруулсан долоон өөрчлөлтийн зургааг нь ямар ч байсан  эргэж байранд нь тавихаар болжээ. Өөрөөр хэлбэл,анхны Үндсэн хуулиас өөр болгон бараг 20 жил болсны эцэст уг өөрчлөлтийг хийх гэж байна.

    Тухайлбал, анхны Үндсэн хуулиар  “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа 50-иас доошгүй өдөр чуулж байх” өөрчлөлт оруулаад 20 жил мөрдсөн.Энэ удаа тэгвэл УИХ хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

    Түүнчлэн 1992 оны Үндсэн хуулиар  “УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх заалттай байсныг  УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуулыг шийдвэрлэнэ” гэж өөрчилсөн. Мөн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ” гэж өөрчлөн мөрдөж ирсэн.   Ийм өөрчлөлт мөрдөгдсөнөөр УИХ-ын чуулган, байнгын хороонд дийлэнх олонхи гэх ойлголт алга болж ердийн олонхиор асуудлыг шийддэг болсон нь УИХ-ын гишүүдийн үндсэн үүргийг хэтэрхий сайн дурын шинж рүү оруулж өгсөн гэж үздэг. Одоо тэгвэл буцаад “дийлэнх олонхиор асуудлыг шийддэг” болгож байгаа аж.

    Дараагийн нэг том өөрчлөлт нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулснаар Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүдээс бүрдэх нөхцөлийг бий болгосон.Тэгвэл одоогийн шинэ төслөөр Засгийн газрын таван сайд л УИХ-ын гишүүн байхаар ярьж байгаа аж.

    Жил бүрийн төсөв хэлэлцэх үед гишүүн бүр жалга, довны төсвөө шургуулах гэж үзсээр Засгийн газрын бодлого алдагдаж, бүрэн өөрчлөгддөг.Тэгвэл Ерөнхий сайдын саналаар л уг өөрчлөлтийг хийхээр болжээ.Түүнчлэн танхимын сайдуудаа томилох эрхийг Ерөнхий сайдын өөрийнх нь мэдэлд үлдээж,УИХ сайд нэг бүрээр томилгоо хийж “дарамталдаг” байдлаа болихоор төлөвлөсөн байна. Ерөнхий сайдад төсвийн болон сайдууд томилох эрх мэдлийг өгвөл хүчтэй Ерөнхий сайдтай сонгодог парламентын төлөвшил рүү нэг алхам ахих юм.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ