Халиун бугын эвэр, сүүл зэргийг вагоноор тээвэрлэж байгаад баригдсан этгээдүүдэд  2 жилийн  ял оногдуулжээ

2019-06-03

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны  есдүгээр сараас аравдугаарр сар хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын эвэр, сүүл зэргийг иргэн Б,Э нар  их хэмжээгээр галт тэргээр тээвэрлэж байгаад баригдсан  хэрэг гарсан. Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ.

Хэргийг тодруулбал, иргэн Б,Э нар нь халиун бугын   2 кг 955 грамм цусан эвэр, 440 грамм сүүл, 395 грамм чив, 117 кг 145 грамм ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү зэргийг 2017 оны 10 дугаар сард  Улаанбаатар-Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж тээвэрлэж  байгаад баригдсан билээ. Хэрэгт холбогдогч нарт прокурорын байгууллагаас тавьсан саналын дагуу тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Мөн байгаль орчинд учирсан хохирол болох 55.686.250 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, эд мөрийн баримтаар хураан авсан халиун бугын цусан эвэр, сүүл, чив, ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлжээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад хууль бусаар зургаан ирвэс агнасан хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа ажээ. Click To TweetИйм төрлийн гэмт хэрэг манай улсад зохион байгуулалттай сүлжээ болон, 90 хувь нь далд хэлбэрээр үйлдэгддэг гэдгийг албаныхан хэлж байна.  Манай орон цоохор ирвэсний тоо толгой, нягтшилаараа дэлхийд хоёрдугаарт ордог.  Судлаачид  нийт 10 аймгийн 107 сумын нутагт 1000 орчим тоо толгой ирвэс байгааг тогтоосон байдаг. Харамсалтай нь, энэ тоо хүмүүсийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас цөөрч буйг эрдэмтэд анхааруулсаар байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ