• Ц.Уранчимэг:Сайн,сайхан нийгмийг бүтээх аргыг тогтвортой хөгжлийн боловсрол хэлж өгдөг

     “Тогтвортой хөгжлийн боловсрол” –ыг түгээн дэлгэрүүлэх нь нийгэм, эдийн засгийн салбарт ямар үр өгөөжийг өгдөг тухай БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

    -“Тогтвортой хөгжлийн боловсрол”-ыг хамгийн энгийнээр тайлбарлавал?

    -Монголчууд бол байгаль эх дэлхийгээ ямарч хууль дүрэмгүйгээр эрт дээр үеэс хайрлан хамгаалж, ногоон амьдралын хэв маягаар амьдарч ирсэн хүмүүс. Тогтвортой хөгжлийн боловсрол бол манайханд хамгийн ойр, энгийн ойлголт. Өөрөөр хэлбэл нийгмийн хөгжлийн чиг хандлагаа дагаад тогтвортой хөгжлийн боловсролд хэрхэн дасан зохицох ёстойг хэлж өгөх хамгийн том иргэний боловсрол юм.

    -Иргэний боловсрол буюу Тогтвортой хөгжлийн боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

    -Хувь хүн өөрөө эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэндээ тооцоолж, үр дүнтэй худалдан авалт хийдэг, нийгэмдээ хариуцлагатай, байгаль орчиндоо ээлтэйгээр хэрхэн амьдрах вэ гэдэг арга ухааныг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх боловсролын систем юм. Тогтвортой хөгжлийн боловсрол нь нэг талаасаа маш том эдийн засгийн асуудлыг хөнддөг. Бидний амьдралын бүх талбар санхүү дээр тогтдог. Нийгэмтэйгээ харьцах харьцааг ухаалгаар шийдвэрлэх аргыг хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл хүн бүр өөрийнхөө хэрэглээг өөрчлөх, наад захын өөрөөсөө гарч байгаа хог хаягдлаа хянах, гэрэл цахилгаанаа хэмнэх, бусдад төвөг удахгүй байх зэрэг зөв хандлагыг Тогтвортой хөгжлийн боловсролтой хүн бусаддаа түгээдэг.

    -Төр засгийн зүгээс Тогтвортой хөгжлийн боловсролоор хөгжих зайлшгүй шаардлагыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

    -Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэх үндэс суурь болох хууль эрх зүйн орчин бий. Жишээлбэл “Экологийн боловсрол” хэмээх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Хувь хүн, байгууллага бүр экологийн боловсролтой байх ёстой. Ялангуяа их дээд сургуулиудад заавал үзэх ёстой хичээлд оруулдаг байсан нь маш чухал үе байсан. Түүнээс хойш 2015 онд МУ-ын Засгийн газартай хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд Монгол Улс “Ногоон хөгжлийн бодлого” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж баталсан. Энэ нь манай улсад тогтвортой хөгжлийн боловсролоор хөгжих зайлшгүй хэрэгцээ байгааг харуулж байна. Мөн 2018 оны 07-р сарын 05-ны өдөр “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр” –ыг Засгийн газраар батлуулсан. Энэ нь маш чухал ач холбогдолтой. Ялангуяа боловсролын системд тогтвортой хөгжлийн үндсэн ойлголтуудыг зайлшгүй өгөх ёстой. Иргэн бүр, нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүд тогтвортой хөгжлийн боловсролыг зайлшгүй эзэмшиж, тогтвортой хөгжлийн үндсэн концефцийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

    -“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хэрэгжиж, нэгдүгээр үе шат нь дуусч байгаа. Цаашид үргэлжлэн хэрэгжих үү?

    -Энэ төсөл бол маш амжилттай хэрэгжиж дууслаа гэж дүгнэж байгаа. БОАЖЯ, БСШУСЯамны хамтын ажиллагааны хүрээнд уг төсөл Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Архангай зэрэг аймгуудад тодорхой үр дүнтэйгээр хэрэгжсэн. Цаашид хоёрдугаар үе шат үргэлжлүүлэн хэрэгжинэ. Ингэхдээ бид “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр” -ийн хэрэгжилт дээр илүү анхаарч ажиллах болов уу.

    -ААН-үүд нэг үеэ бодвол байгалийн нөөцийг зохистой хэрэглэх тал дээр анхаардаг болж байна. Ингэж нийгмийн хариуцлагаа ухамсарладаг ААНэгжид төрийн зүгээс үзүүлэх ямар дэмжлэг байдаг вэ?

    -ААН үүдэд чиглэсэн Засгийн газрын 1995 онд батлагдсан 290-р тогтоол байдаг. Байгаль орчинд ээлтэй ААН-ийг “Ногоон гэрчилгээ” -гээр урамшуулах, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжийг “ЭКО” тэмдэг олгох гэсэн тогтоолыг шинэчлээд 290-р тогтоол болгосон байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл манайхан үүнийг мэддэггүй. Тиймээс энэ тал дээр сургалт, сурталчилгаа танин мэдэхүйн асуудлыг зайлшгүй хийх ёстой. Байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд ногоон гэрчилгээ авсанаар олон улсад өөрийн гэсэн байр суурьтай болох эрхтэй болно. Мөн ОУ-ын ISO стандартуудыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлдэг.

    -“Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр” –ын хүрээнд хэрэгжүүлж буй сайн туршлагуудаас нэрлэвэл?

    -Уг хөтөлбөр өөрөө маш том хүрээнд, бүх салбарт хамаарагдаж байгаа. БОАЖЯ-аас “Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Аймгууд “Ногоон хөгжлийн бодлогын дунд хугацааны баримт бичиг” ээ боловсруулж баталлаа. Энэ баримт бичгүүдэд тусгагдсан “Ногоон оффисын зарчим”, “Ногоон бизнесийн зарчим”–ыг хэрэгжүүлж эхэлсэн. Боловсролын салбарт “Эко сургууль”–иар дамжуулан олон улсын стандартуудыг нутагшуулж байна. Орчноо яаж сайжруулах, хог хаягдлын менежментийн асуудал гээд бүгд үндэсний хөтөлбөрт тусгагдсан. Хөдөлмөрийн яам уг хөтөлбөрт хэрэгтэй чухал саналыг тусгаж оруулсан байдаг. Энэ нь Шинээр бэлтгэгдэж байгаа инженер, багш, нарийн мэргэжилтэн бэлтгэхэд ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг заалшгүй өгөх хэрэгтэйг олж харсан. Тиймээс хичээлийн хөтөлбөрт энэ агуулгыг оруулахаар тусгаад ажиллаж байгаа.

    -БОАЖЯ 2019 онд “Тогтвортой хөгжлийн боловсрол” –ыг бүх нийтэд түгээхэд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

    -БОАЖ-ын сайдын санаачилгаар “Ногоон паспорт” аяныг өрнүүлсэн. Дээрх аян Монгол орон даяар үргэлжлэн хэрэгжинэ. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдлийг бууруулах, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах, ногоон эдийн засгийн тухай ойлголт, хариуцлагатай уул уурхайг бий болгох, дэвшилтэт техник технологийг ашиглах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр маш том бодлогуудыг барьж хэрэгүүлж байна. Энэ бүгдийн суурь ойлголт болох тогтвортой хөгжлийн боловсролын үндсэн концефцийг амьдрал дээр хэрэгжүүлэх аргыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Түүнээс гадна бид энэ бүхнийг ард иргэдэд түгээхийн тулд сэтгүүлчидтэй түлхүү хамтран ажиллана.

    Ярилцсан: Сэтгүүлч Б.Хишигбаяр (2018)

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ