Ононгын ТӨМӨРТОГОО (1939-2019)

2019-05-31

ЭМГЭНЭЛ


Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор, профессор Ононгын Төмөртогоо нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөдөд нь хүнд гарз тохиолоо.

Ононгын Төмөртогоо нь 1939 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн.

Тэрээр 1963 онд ОХУ-ын Москвагийн Геологи-Хайгуулын дээд сургуулийг төгсөж, ажлынхаа гарааг Монгол Улсын Их сургуулийн Геологийн тэнхимийн багшаас эхэлж Шинжлэх ухааны академийн харьяа Геологийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Геологи, эрдэс баялагийн хүрээлэнгийн захирал зэрэг албыг хашиж ирсэн шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч төдийгүй халамжит хань, сайн эцэг, ачлалт ах байлаа. Бидний хайрт хүн О.Төмөртогоо нь ухамсарт бүхий л амьдралаа  геологи, эрдэс баялагийн салбарын судалгаа, шинжилгээний үйлст зориулсан Монгол Улсад төдийгүй Олон Улсад танигдсан эрдэмтэн, бидний бахархалт хүн байлаа.

Түүний хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндөр үнэлж  “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, Монгол Улсын Академич, хэргэм, Монгол Улсын анхны “Алдарт геологич” өргөмжлөл, Алтан гадас одон, ШУА-ны “Хувилай хаан” алтан медалиар  шагнуулж байсан.

Талийгаачийн үнэнч шударга, хөдөлмөрч эгэл даруу гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдан үлдэх болно.

Та минь эх болсон дэлхий, энхрий Монгол нутаг, үр хүүхэд, элгэн садандаа эргэн төрөх болтугай.

 Ум сайн амгалан болтугай.

Хань, үр хүүхэд, төрөл төрөгсөдөөс нь

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ