Ерөнхийлөгч,АН-ын удирдлагуудын өнцөг “Эрдэнэт”-ийн 49 хувь,Эрдэнэбилэг хоёр дээр нийлж эхлэв үү

2019-05-31

-Улстөрийн тойм-

УИХ-ын даргаар М.Энхболд ажиллаж, МАНАН-гийн эсрэг тэмцлийн галыг өрдөж байхдаа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарах шаардлагыг хоёр ч удаа хүргүүлж байв. Тэрбээр парламентыг үүргээ гүйцэтгэж  чадахгүй,60 тэрбумын толгойлогч даргатай гэх мэтээр тухайн үед ярьж,шаарддаг байв. Харин саяхан буюу энэ  тавдугаар сарын 23-нд Г.Занданшатар даргатай УИХ-ыг мөн л өөрөө тарах шаардлага хүргүүлсэн бөгөөд ЖДҮ-чин гишүүдтэй УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ойрын хугацаанд УИХ-ын баталсан хоёр ч хуульд хориг тавиад байгаа бөгөөд нэг нь Татварын багц хууль,нөгөө нь Захиргааны ерөнхий хууль. Татварын багц хуулийн хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт дургүй Тамгын газрынх нь дарга З.Энхболдын явуулга гэж хүмүүс үзсэн ба үнэхээр ч Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт дөрөв дэх хоригоо тавьж буй нь энэ ажээ.Тэгэхдээ бүр өмнө хүчингүй болсон хуульд хүртэл хориг тавьсан байв. Мэдээж тэр  хоригийг нь УИХ хүлээж авах боломжгүй гэсэн.

Өчигдөр Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд хориг тавив.  Ерөнхийлөгчийн хоригтой зэрэгцээд АН-ынхан УИХ-ын чуулганы танхимд эрх баригчдыг шүүмжилсэн эсэргүүцлийн бичиг үзүүлж,Сүхбаатарын талбай дээр тус намынхан жагсаал хийлээ. Жагсаал ба эсэргүүцлийн өнгө нь Ерөнхийлөгч Х.Баттулгынхтай нийлж байгаа бөгөөд УИХ-ыг тар гэх уриа лоозонг барьжээ. УИХ-ын чуулганд эсэргүүцэл зарласан гишүүд нь ч адил бөгөөд тэдний хэн нь ч “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг шийд гэх шаардлага тавьсангүй. Ганц Ж.Батзандан л ширээн дээрээ тийм шаардлага тавьсан нь гэрэл зурагт бууж үлджээ.

Ерөнхийлөгч хориг тавьж, АН жагсаж байгаа энэ өдрүүдэд ХХБ-ны эзэн,”Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан гэх хэргээр шалгагдаж байгаа Д.Эрдэнэбилэг хоригдож байгаа бөгөөд хоригдоод хоёр ч хоноогүй байхдаа бие нь муудсан гэх мэдээ цацагдаад эхэлсэн.

АН-ын өнөөгийн удирдлага, тэр тусмаа Аж үйлдвэрийн сайд байхдаа  “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах асуудалд оролцсон  Д.Эрдэнэбат нар яах аргагүй хуучин МАНАН буюу “Эрдэнэт”-ийг авсан хүмүүстэй эрх ашгийн холбоотой.

Хамгийн гол нь Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн  болсноосоо хойш нэг ч удаа (бүр нэг ч удаа шүү) “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар ам ангайгаагүйг бид мэднэ. Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр МАНАН-гийн эсрэг яваад байгаа юм бол яагаад  МАНАН-гийнх хийсэн хууль бус зүйлүүдийн хамгийн том илрэл 49 хувиар  дуугардаггүй юм бол? Үүний хариуд Ерөнхийлөгч өөрөө 49 хувьд оролцоотой,”сахал” Д.Эрдэнэбилэг чинь “Женко”-гийн  жолооч байсан гэх яриа дагалддаг билээ.

Энэ бүхнээс дүгнэлт хийгээд үзэхэд яах аргагүй АН-ын удирдлага ба Ерөнхийлөгч “Эрдэнэт”-ийн 49 хувь ба Эрдэнэбилэг хоёр дээр өнцөг нийлээд байгаа юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ