• С.Эрдэнэ: “Эрдэнэс Таван толгой” компани руу улс төрийн зорилготойгоор дайрч байна

    “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагуудад “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос энэ сарын 24-ний өдөр шаардлага хүргүүлсэн. Тэд эх үрсийн баяраас өмнө 1072 хувьцааны ногдол ашиг өгөхийг шаардаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах жагсаалыг зохион байгуулж байна. Харин үүнийг эсэргүүцэж, “Эрдэнэс Тавантолгой” компани руу халдсан ёс зүйгүй үйлдэл хэмээн уурхайн ажилчдын төлөөлөл өнөөдөр /05.30/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “ Манай компанийн ашиг орлого, нэр хүндэд атаархаж, хорссон дайралт сүүлийн үед нэлээд идэвхижиж байна. Үүнийг улс төр, эрх мэдлийн сонирхлоор хийж байгаа. Манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаанаас үргэлж татгалзаж байсан ба энэ сарын 29-н буюу өчигдөр манай компанийн байрны өмнө зохион байгуулсан 1072 хувьцаа ТББ-ын үйл ажиллагаанаас ийм дүгнэлтэд хүрч байгаа мэдэгдэж байна. Тус үйл ажиллагаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч ард түмнийг төөрөгдүүлэн нийгмийн дунд бухимдал үүсгэж олон нийтийн дунд үймээн самуун дэгдээх зорилготой байсан гэж дүгнэж байна. Энэ арга хэмжээнд оролцож зохион байгуулсан Л.Наранбаатар болон түүнийг дагалдагсад Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүд байсан юм.  Манай компанийн 1072 хувьцааг компанийн захирал дур мэдэн шийддэггүй, УУХҮЯ буюу ТУЗ шийддэг. Мөн 1072 хувьцааны ногдол ашиг төмөр замын хөрөнгө оруулалтад орсон . Цаашид иймэрхүү байдал улам даамжирвал “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл тодорхой шалтгааны улмаас улс төрийн үйл ажиллагаа явуулах болно” гэв.

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн ээлж хариуцсан менежер Д.Мөнхжаргал “Л.Наранбаатарын хэлсэн үг, үйлдэл хоёр нь зөрж байна. Хэдхэн сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой компани төмөр замын асуудлаа нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой. Компани ногдол ашиг тараахаас илүү өрсөлдөх чадвараа сайжруулахад орлогоо зарцуулах нь зүйтэй” гэж ярьж байсан. Гэтэл төмөр замд хөрөнгө оруулсны дараа эд нарт мөнгө байхгүй одоо мөнгө нэхнэ гэсэн  өөрийн ашиг сонирхлыг урдаа барьж ард түмэнд буруу мэдээлэл өгч байна. Үнэхээр ард түмнээ гэдэг байсан бол 2015 онд бидэнтэй нэгдэж, MCS –д зарахгүй гэж зогсч байх ёстой хүн” гэлээ.

    Мөн “Манай компани ард түмэнд ашиг хүртээсэн. 2012 онд манай компанийг барьцаанд тавьж зээл авсан. Тэр  өрийг дарахын тулд 2012-2017 он хүртэл хямд үнээр нүүрс борлуулж ашиггүй ажилласан. Тэр хугацаанд Л.Наранбаатар манай компанийг ашиггүй байна “MCS” группт зарах нь зүйтэй гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр манай компани ашигтай ажиллаж байгаа. Гэтэл энэ боломжийг хааж, улс төржүүлж байгаа нь буруу зүйл. Төмөр замд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж дэмжиж байгаа боловч илүү их ашигтай ажиллахын тулд техник, хэрэгсэл хэрэгтэй. Хувьцааны ашгийг илүү сайн менежменттэй болгох хэрэгтэй байна” гэж байлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ