БЗД-ийн АН-ын 300 гаруй гишүүн намаасаа татгалзлаа

АН-ын 300 гаруй гишүүн намаасаа сайн дураараа татгалзаж быйгаа талаараа “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх аргагүй болсон тул намаасаа гарах шийдвэр гаргасан аж.

БЗД-ийн АН-ын хорооны тэргүүлэгч гишүүн Ч.Батбаатар “Одоогоор 380 гаруй гишүүн намаас гарах өргөдлөө өгсөн. Өнөөдрийн хуралд төлөөлөгчөөр оролцож байгаа гишүүд маань намаас гарах болсон шалтгаанаа тайлбарлах болно. Миний хувьд Ардчилсан нам хувь хүний компанийг санхүүжүүлэгч байдлаар ажиллаж байгаа учраас гарахаар шийдвэрлэсэн. Би намдаа гишүүнчлэлийн хураамж болох 4.5 сая төгрөг тушаасан хэдий ч зарцуулалт нь тодорхойгүй байна. Нөгөөтэйгүүр дээрх мөнгийг сонгуульд оролцохын тулд өгсөн боловч сонгууль болоогүй. Энэ мэтчилэн гишүүдээ хохироодог, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хааж боодог байж болохгүй” гэсэн юм.

Энэ мэтчилэн зөвхөн Баянзүрх дүүргийн АН-ын гишүүдээс жилд 189 сая төгрөгийн татвар, хураамж, төлбөр авдаг тухай Ч.Батбаатар хэлсэн юм. Түүнчлэн АН-ын ахмад гишүүн Пэрэнлэй “1990 оноос эхлэн шударга нийгмийг байгуулахын төлөө олон мянган гишүүний хамтаар зүтгэж ирсэн. Харамсалтай нь манай нам хувийн компани шиг болжээ. Хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлж, үг хэлснийх нь төлөө ялгаварлан гадуурхдаг болж.

Тэр ч бүү хэл намаас хөөж, гишүүнчлэлээсээ хасдаг болсон байна. Мөн АН-ын удирдлагад гэмт хэрэгт холбогдсон, мөнгөнд донтсон хүмүүсийн хар зах болгож хувиргасан байна” гэлээ. Тэрээр намын нэр хүндийг шороотой хутгаж, хувийн эрх ашгийн төлөө улайран зүтгэдэг хүмүүстэй мөр зэрэгцэн алхах хүсэл алга. Тиймээс 30 жил зүтгэсэн намаасаа татгалзаж байна” гэлээ.

Ийнхүү хувь хүний үзэл бодлыг авч хэлэлцдэггүй, тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашгийг эрхэмлэдэг болсныг хурал зохион байгуулагчид хэлсэн юм. Ялангуяа, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж буйг Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн н.Хишигдэлгэр ярилаа.

Тэрбээр “Манай, танай хүн гэж ялгаварлан гадуурхдаг. Тэр ч бүү хэл эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Баянзүрх дүүрэг дээр сонгууль явагдаагүй атлаа явуулсан мэтээр ярьж намын эмэгтэйчүүдийн даргад батлах болон тамгийг нь гардуулж өгсөн. Ингэснээр өөрсдийн тойрон хүрээлэгчдийн үгийг сонсч бусад эмэгтэйг ялгаварласан хэрэг болсон” гэдгийг н.Хишигдэлгэр онцлон тэмдэглэж байв. Энэ мэтчилэн гишүүдийнхээ эрх ашгийг ноцтой зөрчиж буй учраас намаасаа сайн дураараа гарах болсноо мэдэгдлээ. Түүнчлэн хурлыг зохион байгуулагчид “Намаас гарах явдал нь хэн нэгнийг бойкотлож байгаа хэрэг огт биш” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ