Оюутолгой хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөний дараа л ашгаа хүртээнэ

2019-05-29

“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар сонсож байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:  Оюутолгойн гэрээ маш муу гэрээ болсон гэж бүгд мэдэж байгаа. Монгол Улс хэзээ ч Оюутолгойгоос ашгаа хүртэж чадахгүй. Ухаад дууслаа гэхэд Монгол Улс өртэй үлдэнэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:ТЭЗҮ-ийн үнэ яагаад өөрчлөгдөөд байгаа юм. Анхны хөрөнгө оруулалт 6.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Үүнд хяналт хийх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. 2039 онд нэг тэрбум ам.долларын өрөнд орох магадлалтай гэх юм. 2039 оноос эхлээд бид ашгаа авах ёстой биш билүү.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Яагаад Монгол Улс Оюутолгойн 34 хувийг эзэмшигчийн хувьд нэг тэрбум ам.долларын өртэй болчихоод байгаа юм бэ гэх асуултад  Сангийн яамнаас “2010 онд 34 хувьд оногдох санхүүжилт нэг тэрбум 79 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай болсон. Үүнийг хөрөнгө оруулагч талаас хийсэн. Энэ нь хүүтэй. Хүү нь 541 сая ам.доллар болчихоод явж байна. Үүнээс хойш хийгдсэн санхүүжилт Оюутолгой төслийн санхүүжилт тул зөвхөн төсөлд хамаарна. Харин ашгийг хөрөнгө оруулалтын зардлаа нөхсний дараа хүртээнэ гэсэн гэрээтэй байгаа” хэмээн тайлбарлалаа.

Мөн ажлын хэсгийн зүгээс “ТЭЗҮ дээр алдаа гарсан зүйл бий. 2015 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-г хүлээж авахад манай талаас санхүүгийн моделио дутуу үнэлсэн. Энэ оноос ТЭЗҮ-гийн асуудлыг дахиж хөндөнө. Алдааг засаад явна” гэсэн тайлбар өгөв.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Гэрээ хийсэн нөхдүүд маань санаатай болон санамсаргүй алдаанууд их гаргасан. Үүний уршгаар ТЭЗҮ орхигдоод үлдчихсэн” гэсэн тайлбарыг хийлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ