• Ц.Мөнх-Оргил:УИХ тарах нөхцөл байдал үүсээгүй 

    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос цаг үеийн асуудлаар дараахь асуултад хариулт авлаа.

    -Ерөнхийлөгч УИХ-ыг  тарах асуудлыг хоёр дахь удаа тавьлаа.  Таны хувьд УИХ тарах нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа юу?

    -Нэгдүгээрт, УИХ тарах нөхцөл байдал үүссэн гэж би үзэхгүй байна. Хоёрдугаарт, УИХ тарахдаа хүрвэл өөрийн гэсэн хууль, журамтай үүнийхээ дагуу явах ёстой. Тэгээд ч сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдэж байхад их хурлыг тарааж, замбараагүй байдал үүсгэх шаардлагагүй гэж үзэж байна. УИХ-ын ажил жигд явж байна. Сайн муу хэлэгдээд  олон ажлыг хийж байна. Ажил  тодорхой төвшинд урагшилж л  байна.

    Ерөнхийлөгч улс орны эв нэгдлийг хангагч, илэрхийлэгч нь  байх ёстой. Үүнийгээ хангаж ажиллаж чадаж байна уу?

    -Эргэлзээтэй л байна. Эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн тангарагаа өргөсний дараачаас эхлээд л УИХ-ыг  тарах тухай асуудлыг ярьсан. Сая энэ асуудлыг хоёр дахь удаа тавьж байна. Татварын тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг бид нар хэлэлцлээ. Тавьсан хориг нь нэг талаас хууль зүйн хэрэгжилтийг хангаагүй, хүчингүй болсон хуульд хориг тавьсан байх жишээний. Нөгөө талаас УИХ-аас  баталсан Татварын шинэчлэлийн тухай хуулийг зөвлөхүүд нь ойлгоогүй юм уу эсвэл ойлгочихоод санаатай ингэсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Шинэчлэлийг буруу ойлгосон, гуйвуулсан хориг орж ирсэн.

    -Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт та ямар байр суурьтай байна вэ. Хэнтийн нөхөн сонгууль болох уу?

    -Цэцийн шийдвэр УИХ-аар орж ирэхээр хэлэлцэнэ. Би хувьдаа гайхаж байна. Манай намын хувьд нөхөн сонгуульд оролцох бэлтгэл хангагдсан гэж ойлгож байгаа. Нөхөн сонгууль болоосой гэж хүсч байна. УИХ 76-уулаа ам бүл бүтэн ажиллаасай, Хэнтий аймгийн иргэд бүрэн төлөөлөлтэй болоосой гэж хүсч байна.

    -Цэцээс нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах нь буруу гэсэн дүгнэлт  гаргасан. Өмнөх нөхөн сонгуулиудын зардлыг хаанаас гаргадаг байсан бэ?

    -Анх удаа нөхөн сонгууль болох гэж байгаа асуудал биш шүү дээ. Өмнө нөхөн  сонгууль зарлаж байсан. Зохион байгуулаал сонгогдоол явж байсан. Тэр бүрт асуудал үүсч байгаагүй. Одоо л ийм асуудал үүсч байна.Нөхөн сонгууль гэх мэт тохиолдолд зарцуулж байхаар УИХ хөрөнгө мөнгийг батлаад өгч байгаа. Түүнээс биш 2020 онд нөхөн сонгууль болж магадгүй гэж бодоод УИХ төсөвт мөнгө суулгах боломжгүй. Ажил хэргийн журмаар шийдэгддэг байсан асуудал. УИХ-аас төсөв батлахдаа нөхөн сонгуулийн төсөв гэж баталдаггүй. Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийддэг байсан. Сонгуулийн ерөнхий хороонд ч тэр нөхөн сонгуульд зарцуулаарай гэж мөнгө тусгадаггүй. Урсгал зардлыг нь л шийдэж өгдөг. Энэ ажлыг зохион байгуулдаг нөөц сантай газар нь Засгийн газар.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ