• UB Human:Гэрлэн дохиог сурвалжилсан нь

    Яагаад зарим уулзвар дээрх явган хүний гарцын ногоон гэрэл 50 секунд асч байхад өөр гарцан дээр 20 секунд асдаг вэ? Click To Tweet


    Өргөн замд бол (ер нь өргөн гэлтгүй бүх замд хүмүүс гүйх шахам  гардаг) 20-50 секунд гэдэг харьцангуй богино хугацаа.

    Gereg.mn сайтын редакц  “UB Human” төсөл эхлүүлж, энэ удаа  гэрлэн дохионы  асах хугацаа буюу ажиллах горимыг сурвалжиллаа.

    Гэрлэн дохионы ажиллах хугацаа дараахь  хүчин зүйлсээс хамаардаг гэнэ.

        • Явган хүн болон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим
        • Явган хүний гарцын урт
        • Онцгой тохиолдол/түргэний тэрэг, гал коммандын машин явах..гм/

    Замын ачааллыг аль болох хэвийн байлгаж, түгжрэлгүй үргэлжлүүлэх зорилгоор гэрлэн дохионы асах хугацааг тохируулдаг байна. Тухайлбал,  20 метр  урттай явган хүний гарц байлаа гэхэд явган зорчигч болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй бол ногоон гэрлийн асаг хугацааг уртасгана. Харин явган зорчигч болон авто тээврийн хөдөлгөөн харьцангуй бага бол ногоон гэрлийн асах хугацааг олон улсын стандартын дагуу явган зорчигчийн дундаж хурдыг 1-1.4м/секундээр тооцон гаргадаг ажээ.

    Улаанбаатар хотын хэмжээнд нийт   150 уулзвар дээр гэрлэн дохио байдаг.Үүний  80 гэрлэн дохиог Замын хөдөлгөөний удирдлагын газраас цахимаар мэргэжлийн оператарууд 24 цагийн турш удирддаг байна.  Заримдаа ногоон гэрэл асахгүй удах тохиолдлууд гардаг. Тэгвэл энэ нь гал сөнөөх машин, түргэний тэрэг болон төрийн тусгай хамгаалалттай автотээврийн хэрэгслийн замыг чөлөөлж, гэрлэн дохионы зохицуулалтыг хийдэгтэй холбоотой гэнэ.

    Тэгвэл явган зорчигч ногоон гэрлээр гарч байхад эсрэг  урсгалаас машин орж ирэх тохиолдол Улаанбаатарын замын гарцан дээр энгийн зүйл байдаг. Энэ тохиолдолд хэн нь зам тавьж өгөх ёстой вэ?

    Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “зам тавиад баруун эргэж болох” тухай заасан байдаг. Явган зорчигч ногоон гэрлээр гарч явахад жолооч баруун эргэж байгаа тохиолдолд жолооч явган зорчигчид зам тавьж өгөх ёстой.

    Замын хөдөлгөөний соёлтой оролцоо нь явган зорчигч жолоочоо, жолооч нь явган зорчигчоо хүндэтгэхээс эхэлнэ. Click To Tweet

    Дөрвөн замын уулзвар замын гэрлэн дохионы зохицуулалтаар жолооч хоёр удаа баруун эргэх зохицуулалттай байдаг. Эхний гэрлэн дохиогоор баруун эргэх жолооч нарын дийлэнх нь эргэж, харин хоёр дахь буюу баруун эргэх машины тоо цөөрсөн үед  явган зорчигчдийн ногоон гэрлийг хамт асаадаг байна. Ингэснээр осол гарах, улмаар замын хөдөлгөөнд саад учруулах тохиолдлын тоог бууруулдаг юм.

    Явган зорчигчдод хандаж хэлэхэд таныг гарцаар гарч эхлэхээс өмнө ногоон гэрэл анивчиж эхэлсэн бол гарцаар гарахгүй байх хэрэгтэй. Нэгэнт ногоон гэрэл анивчиж эхэлсэн бол гарцаар гарч амжихгүй гэдгийг санаарай.

    Ингээд Гэрлэн дохиог сурвалжлан бэлтгэсэн видео мэдээллийг хүлээн авч үзнэ үү.

     

    #UBHUMAN

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ