Б.Батзориг:Төрөөс мөнгө гаргаж гэр хорооллын айлуудын нойлыг жилдээ нэг удаа ариутгаж байя

2019-05-28

Өргөдлийн байнгын хороо Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан өнөөдрийн  хуралдаанаар Туул голын орчимд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн санал хэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Батзориг:

Төр аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилтай орлоготой болгох ёстой. Төрийн хүнд суртал нийслэл дээр их байгаа шүү. Төрийн нэр бариад айлгаж сүрдүүлдэг явдал их байна. Төр үйлчилгээ үзүүлж байгаа, аж ахуйн нэгжид болох болохгүйг нь хэлж шаардах ёстой.  Хотын дарга байгаа дээр нь хэд хэдэн санал хэлмээр байна. Харгиа цэвэрлэх байгууламждаа анхаарах цаг болсон байна. Хотынхоо төвд цэвэрлэх байгууламжтай манайхаас өөр улс  орон байхгүй. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал шийдэгдсэн. Одоо Харгиа цэвэрлэх байгууламжид анхаарах хэрэгтэй. Тогтоолын төсөлд нэг санал оруулмаар байна.

Энэ нь юу вэ гэхээр  төрөөс жилдээ нэг удаа мөнгө гаргаж гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжийн нойлыг ариутгадаг байя.  Агаарын бохирдол ярихаас хөрсний бохирдол хаягдаад байна. Гэр хорооллын айлууд гэрээ тойруулаад нойлоо ухсан. Хөрсний бохирдол асар их явагдаж байна. Тухайлбал,  Шар хадны эмнэлгийн нойл дэндлээ. Гудамжаар урсаж байна. Хотын дарга энэ асуудалд анхаарч төвийн шугамд  холбох асуудалд хэрэгтэй байна.

Үүний дараа хоёр байнгын хорооны хамтарсан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалаа. Тогтоолыг төслийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дарга Х.Болорчулуун танилцууллаа.

Тогоолын төсөлд  нийслэлийн нутаг дэвсэрт уулын дайргаас хайрга гарган авах боломжийг судалж шийдвэрлэх, нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалыг тээвэрлэх маршрут, цагийг тогтоож, хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, олборлосны дараа зохих журмын дагуу нөхөн сэргээлт хийх, шаардлагатай тохиолдолд  дүйцүүлэн хамгаалалт хийх, тогтоолын төслийн биелэлтийн явцыг УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан байнгын хорооны гишүүдэд танилцуулахыг  төсөлд тусгажээ. Гишүүдийн 71,4 хувийн саналаар дээрх тогтоолын төсөл дэмжигдсэн.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ