М.Билэгт:Өвөл харзанд орох гээд Туул гол руу очдог ч газрыг нь сэндийчээд хаясан байдаг

2019-05-28

Өргөдлийн байнгын хороо Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан өнөөдрийн  хуралдаанаар Туул голын орчимд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцэж байна. 2017 онд Туул гол орчимд хайрга, дайрга олборлодог 95 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцалсан ч 35 аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийнэ гэх үндэслэлээр нийслэлийн удирдлагуудтай эвлэрлийн гэрээг байгуулжээ.

Туул гол орчимд үндсэндээ цэгцрээд байсан хайрга, дайрга олборлолт нөхөн сэргээлт хийнэ гэх нэрийн дор авсан зөвшөөрлөөр дахин сэргэжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Зах зээлийн нийгэмд шилжсэн 30-хан жилийн хугацаанд байгалиа сүйтгэж дууслаа. Төрийн албан тушаалтнууд гадны өндөр хөгжилтэй улс орны туршлага судалж байна гээд гадаад яваад л байх юм.  Гурван сая иргэний гуравны нэг нь нийслэлд суурьшиж байна. Хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд маань Туул голынхоо эргээр байгальтайгаа харьцаж, чөлөөтэй салхилах боломж жилээс жилд багасч байна. Үзэсгэлэнтэй газар нутгийг уулаар нь, гол горхиор нь эзэмшээд хашаалаад авчихсан. Туул голоо дагаад төвшин тайван байгальтайгаа харьцах нөхцлийг бүрдүүлэхийн тулд дорвитой шийдвэрийг одоо л бид гаргах хэрэгтэй байна. Өвөл би харзанд орох гээд Туул гол руу явдаг. Улаанбаатар хотоос хэдэн зуун километрийн цаана байгаа биш энүүхэнд Налайх, Амгалан хоёрын хооронд очиход л хаашаа ч орох боломжгүй газрыг нь сэндийчээд элс шороо болгосон байдаг. Бид хажууд харагдаж байгаа энэ асуудлаа зохицуулж чадахгүй байж холын асуудлыг шийдэж чадах уу. Энэ алдаагаа засья гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ