Х.Тэмүүжин:Нотлох баримтууд болсон явдлыг аюултай, эгзэгтэй байдал руу хөтөлж байна

2019-05-28

Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсны амь насаа алдсан асуудлаар талийгаачийн ар гэр болон Ардчилсан намаас Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны удирдлагатай өнөөдөр  уулзаж, хэргийг шалгах явцад арга зүйн зөвлөгөө болон хяналт тавих саналаа өглөө.  Энэ талаар Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжингээс  дараах асуултад хариулт авлаа.

-АН-аас талийгаач Г.Батхүү агсны хэрэгт  арга зүйн дэмжлэг үзүүлэхийг хүссэн саналаа сая   Олон улсын парламентийн  холбооны удирдлагуудад  тавьлаа. Хэрхэн хүлээж авав?

-Муу муухай бүхэн харанхуй газар бүгдэг. Тиймээс хөндлөнгийн хяналтыг олон улсын байгууллагаас тавьж үйл явдлыг ил тод болгож , гэрэл оруулах болов уу гэж итгэж байна. Сая болсон хэрэгтэй холбоотойгоор гурван асуудлын учир шалтгаан бүрхэг байна. Нэгдүгээрт, та бүхэн анзаарч байгаа байх. Төрийн тусгай хамгаалалттай газар энэ үйл явдал болсон. Хаалттай, ямар нэгэн хяналтын бичлэг байхгүй. Орж, гарахад хатуу дэгтэй байдаг учир цагдаагийн байгууллагаас орж шалгахад хүртэл бэрхшээл учирч байна. Ийм хаалттай нөхцөлд гадны хяналт байх нь  асуудлыг илүү ил тод болгох болов уу гэж үзсэн.

Хоёрдугаарт, энэ цаг үед  64 суудалтай олонх болсон намын нэр бүхий гишүүд тухайн өдөр архидан согтуурсан. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийсний дараа болон өмнө архидаж байсан гишүүд өрөөгөө цэвэрлэсэн гэх хэл ам гарч байна. Хуулийн байгууллагыг шүдгүй байна гэж хэлж байгаад шүд араагаа бүрэн зэвсэглэсчихсэн улс төрийн хүчин өөрийн хамаарал бүхий хүмүүс нь гэмт хэрэгт хардагдах сэрдэгдэх үйл явц  байгаа учраас мөрдөн шалгах үйл ажиллагаанд тээг гарах магадлал байна гэж үзсэний үндсэн дээр олон улсын байгууллагад хандсан.

Гуравдугаарт, шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтүүдийг сонссон байх. Ямар нэгэн зүрх болон цус харвалтаар амь насаа алдаагүй. Өндрөөс унаж, гэмтлийн улмаас нас барсан гэх дүгнэлт гарсан. Унах болсон шалтгаан нь маш учир битүүлэг байна. Маргаан үүссэн гэх таамаг мэдээлэл байгаа учраас манай цагдаагийн байгууллага улстөрөөс ангид энэ хэргийг  шалгах нь эргэлзээтэй байна. Энэ холбооны хамгийн чухал хэсэг хүний эрхийн асуудал байдаг. Хуучин парламентын, тус холбооны гишүүн байсан хүн Төрийн ордонд нас барна гэдэг нь хүний эрхийн асуудалтай холбогдохоос өөр аргагүй, бид энэ асуудалд анхаарал тавина гэж хэлсэн.

УИХ-ын  зарим нэг нэр бүхий гишүүд холбоотой гэх мэдээлэл гарч байгаа. Нэг улстөрчийн нэр яригдахаас илүү цаана нь намын асуудал яригдах  болгоомжлол байна гэж ойлгож болох уу?

-Сонгууль ойртож байгаа учраас аль аль талаасаа улстөржүүлэх гэж оролдох байх. Улстөрөөс ангид хүний амь настай холбоотой асуудлыг бодитойгоор илрүүлэх шаардлага байна. Тэр ч утгаараа нэр бүхий улстөрчид руу энэ асуудал орж байгаа учраас болгоомжлол байна. Хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байна. Ардчилсан нам ч гэсэн ил тод болоогүй байгаа хэргийн талаар  тэр буруутэй, энэ буруутай гэж түрүүлж хашгирахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ үйл явдал, нотлох баримт асуудлыг улам аюултай, эгзэгтэй байдал руу хөтөлж байгаа учраас болгоомжлол их байна. Click To Tweet

-Ар гэрийнхэн нь энэ хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хүнээ алдсан хүмүүс хэцүү байгаа, олон зүйл сонсч байгаа. Ямар ч гэсэн өвчнөөс болж амь насаа алдаагүй   гэдэг нь хардлага дагуулж байна. Тэр хардлагыг бодитоор олохын тулд эрх барьж байгаа, засаглал барьж байгаа хүмүүсийн дор ажиллаж байгаа хуулийн байгууллага асуудлыг хурдтай, үнэнээр нь шийднэ гэж бодохгүй байгаа учраас олон улсын байгууллагын хяналт байх ёстой гэж үзэн саналаа гаргасан. Эрх баригчид яаж ажилладгийг өчигдөр Үндсэн хуулийн Цэц харууллаа.

-Та хуулийн байгууллагын шалгах асуудалтай холбоотой АН-аас байгуулагдсан ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хэрэгтэй холбоотой хэдэн хүнээс байцаалт авсан бэ, шинэ мэдээлэл байна уу?

-Шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр зүрх нь хаагдаагүй, цус харвалтаар болж нас бараагүй,  гэмтлийн улмаас амиа алдсан гэсэн. Тэр гэмтэл нь өндрөөс унаснаас үүссэн үү, эсвэл гадны нөлөөтэй байсан уу гэдгийг дахин нягталж шалгаж байгаа.

Харамсалтай нь хэрэг гарсан тухайн өдөр нэр бүхий гишүүд өрөөндөө  архи уусан, агсам тавьсан гэсэн мэдээлэл нь тодорхой байгаа.

-Талийгаачийг нас барснаас хойш 54 минутын дараа цагдаагийн байгууллагад анхны дуудлага өгсөн байсан. Дуудлага өгөөгүй шалтгааныг тодруулж үзсэн үү?

-Тусгай хуультай Төрийн ордны журам, зохицуулалт, дарга цэрэг хоорондын харилцах үйл явц гээд олон асуудал байх шиг байна. Ер нь бол цагдаагийн байгууллага гудамжнаас Төрийн ордонд орж ирж энэ хэргийг шалгаж, илрүүлэхэд хүндрэлтэй байх шиг байна. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ