Д.Гантулга УИХ-д буцаж орохгүй, нөхөн сонгууль ч болохгүй нь

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн хуралдаанаар 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг түдгэлзүүллээ. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсан.

Энэ тухай Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Сонгуулийн хуулийг цаашид боловсронгуй болгох, үр дүнтэй холбоотой цаашид маргаан гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нөхөн сонгуулийг явуулах тухай, сонгуулийн зардлыг улсын төсөвт зохих журмын дагуу суулгаж, шийдэх ёстой хэмээн Үндсэн хуулийн цэцийн гишүүд нэг байр суурьтайгаар гаргасан” хэмээсэн юм.

УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг түдгэлзүүлснээр 2019 оны зургаадугаар сарын 30-нд явагдах Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгууль явагдах эсэх нь эргэлзээтэй болсон.

Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээс шалтгаалан нөхөн сонгууль хэзээ явагдах нь шийдэгдэх юм. Тэгвэл улстөрийн хүрээнийхэн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдахгүй гэлцэж байна.

Өчигдөр ҮХЦ хуралдаж байх зуур гадна нь “хүчирхийлэгч”-ийг дахин УИХ-д оруулах гэлээ хэмээн бандааштай жагсаал хүртэл болсон. Цэц УИХ-ын Д.Гантулгыг чөлөөлөх тогтоолыг хүчингүй болгосон бол муухай харагдах байлаа. Мөн эрх баригч МАН ч муухай харагдах байв.

Тэгвэл сонгууль зарласныг хууль бус гэж үзсэнтэй холбоотойгоор АН өчигдөр нэр дэвшигчээ тодруулах байсан ч хурал нь болсонгүй. Мөн өнөөдөр хуралдах гэж байсан МАН-ын Бага хурал ч болохгүй хойшиллоо.

Мөн сошиалаар ганц жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байхад баахан мөнгө төгрөг зарцуулж нөхөн сонгууль хийгээд яадаг юм гэх яриа ч хүчтэй явж байна.

Энэхүү нөхөн сонгуулийг зарласан тогтоолыг хүчингүй болгосон асуудлыг Ерөнхийлөгчийн захиалгатай хэмээх яриа ч дуулдаж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ