• ОХУ-тай хамтран Орхон, Сэлэнгэ мөрнийг хамгаалах санал тавилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал, Т.Л.Музычук, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Р.Ракшаев нарыг хүлээн авч уулзлаа.

    Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо болох бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэхийн дотор өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх асуудал багтаж байгаа юм. Эдийн засагт хүний хүчин зүйл нэн чухал. Энэ үйл хэрэгт Байгалийн Улсын Их Сургуулийн оруулсан хувь нэмрийг хоёр тал өндрөөр үнэлдэг гэдгийг уулзалтын эхэнд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина онцоллоо.

    Байгалийн Улсын Их Сургууль энэ жил 125 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус сургуулийн түүхэнд шилдэг төгсөгчид олон байсны нэг нь Монголын төрийг 44 жил удирдсан, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал юм гэдгийг УИХ-ын дарга онцолж, түүний амьдралын талаар уран сайхны кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, энэхүү үйл хэргийг дэмжихийг зочдоосоо хүслээ. Түүнчлэн Монгол, Оросын эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвөөс Эрхүү хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа дугуй ширээний II уулзалтад ихээхэн ач холбогдол  өгч байгаагаа тэмдэглэв.

    Юмжаагийн Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэх, кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажилд Байгалийн Улсын Их Сургуул, идэвхтэй оролцох болно хэмээн Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская хэллээ.

    УИХ-ын дарга Халхын голд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээний талаар дурдаж, тэнд барьж буй “Шинэ тосгон” Орос, Монголын найрамдлын бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр Байгаль нуурын усны гол эх ундарга болдог Орхон, Сэлэнгэ мөрнийг хамгаалах өсөл хэрэгжүүлэх санал тавьж, үүнд Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

    ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааны гол тулгуур болох Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн боловсруулсан төсөл, төлөвлөгөөний үр дүн тун удахгүй гарна гэдэгт итгэж байна гэв.

    ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал Т.Л.Музычук, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская нар ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн холбооныхонтой хамтарч хоёр орны хууль тогтоогч, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хамтын судалгаа, шинжилгээний ажил өрнүүлэх, Монголд хамтарсан их сургууль байгуулах асуудал хөндсөнийг УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны чиглэлээр ОХУ-ын эрдэмтдийн санал бодлыг сонсохдоо баяртай байх болно гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ