“Ажлын байраа хамгаалья”: “Тавантолгой түлш” компанийнхан тэмцэнэ гэв

Төрийн бус байгууллагуудын зүгээс  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр төмөр зам, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, цэцэрлэг сургууль барихаа зогсоо гэсэн шаардлагыг тавьж, тавдугаар сарын 29-нд жагсаал, цуглаан хийхээ зарлаад байгаа юм. Тэгвэл энэ мэдээллийг эсэргүүцэн “Тавантолгой түлш” ХК-ийн ажилтнууд “Ажлын байраа хамгаалъя” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

“Тавантолгой түлш” компанийн нэгдүгээр үйлдвэрийн хяналтын инженер Д.Чимгээ хэлэхдээ “Монголын ард түмэн дэлхийн брэнд нүүрсээр хийсэн сайжруулсан шахмал түлшээ яагаад хэрэглэж болохгүй байгаа юм бэ.  Яагаад төрийн бус байгууллагын шахалт дарамт дор бүтээн байгуулалт зогсох ёстой гэж. Миний ар талд үйлдвэрлэл, тээвэр, борлуулалт гээд 700 гаруй ажилтнууд зогсож байна. Түүний ард гэр бүл, үр хүүхэд гээд бүхэл бүтэн амьдрал, сэтгэл санааг бодох ёстой. Манай үйлдвэр Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулах зорилгоор 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгааг дуулгая. Хүн амын амь нас, эрүүл мэндэд олон жил заналхийлсан утааг бууруулах ажил хэний эрх ашигт нийцэхгүй байгаа юм бэ. Сүүлийн 20 гаруй жил яригдсан утааны эсрэг авсан дорвитой алхам болсон. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээ хамгаална гэдгээ илэрхийлж хэвлэлийн бага хурал хийж байна” гэлээ.

Тус үйлдвэрийн зуухны мастер Ч.Бат-Эрдэнэ “Түүхий нүүрсийг хориглосон түүхэн шийдвэр гаргасан Засгийн газартаа баярлаж байна. Сайны хажуугаар саар гэгчээр сайжруулсан шахмал түлшийг улс төрийн явцуу эрх ашигтаа ашигладаг улс төрийн хүчин, төрийн бус байгууллагууд бий боллоо. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн угсралтын ажил дуусаагүй, үр дүнгээ ард түмэндээ тайлагнах болоогүй байна. Иргэд та бүхэн элдэв суртал ухуулгад авталгүйгээр төр засгийн шийдвэрээ хүндэтгэн “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн I үйлдвэрийн инженер З.Цэрэндорж “Бид амласан амлалт, хүлээсэн үүргээ биелүүлж, дэлхийн стандартын дагуу хийгдсэн сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын 220 мянган өрхийг хангана. Харин үйлдвэрийн ажилтнуудын сэтгэл зовоосон, жагсаал цуглааныг эсэргүүцэж байна. Хараад байхад ТББ-дад дээрэлхүүлдэг, үйл ажиллагаагаа зогсоодог аж ахуйн нэгжүүд бий болжээ. Бид тэд нар шиг дуугүй, хүлцэнгүйгээр үүд хаалгаа барихгүй гэдгээ мэдэгдье” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ