Д.Оюунхорол:Боловсрол нь ядуурлыг бууруулах гол хүчин зүйлүүдийн нэг мөн хэмээн тодорхойлон,хэлэлцэх гэж байгаа нь манай орны хувьд цаг үеэ олсон, чухал асуудлуудын нэг болж байна

2019-05-27

-Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хэлсэн үг-

… Дэлхий нийтээрээ хамтран баталсан “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад улс орнуудын Парламентын оролцоо их гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Парламент нь Тогтвортой Хөгжлийн Зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн таатай орчныг бий болгох, шаардлагатай нөөц хөрөнгийг улсын төсөвтөө суулгах, улмаар үр өгөөжтэй хэрэгжүүлэх талаар Засгийн газрын хариуцлагыг дээшлүүлж, хяналт тавих онцгой үүрэгтэй.

 Монгол Улсын Их Хурал дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн энэхүү үүргээ биелүүлэн, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг 2016 онд баталснаар хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг үзэл санаа, чиг хандлагыг үндэсний бодлогодоо тусган баталгаажуулсан анхдагч улсуудын нэг болсон. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудал дан ганц улсын дотоод хэрэг байхаа нэгэнт больж, бүс нутгийн болоод дэлхий нийтийн хамтын ажиллагааг шаарддаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Бүсийн улс орнууд газар зүйн байршил ойроос гадна шашин, соёл, зан заншил, тулгамдсан асуудлууд ч мөн нийтлэг байгааг өнөөдөр тавьсан илтгэлүүдээс харж болно. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд хамтын шийдэл, гарц олоход ихээхэн дөхөмтэй. Ази, Номхон далайн бүс нутаг нь хүн амын тоо, дэлхийн эдийн засагт эзэлдэг хувь, оролцоогоороо ч томоохон жин дарж буй. Энэ агуулгаараа тулгардаг бэрхшээл, сорилтууд нь ч мөн багагүй юм.

   Ийм цаг үе дор Олон Улсын Парламентын Холбоо нь Ассамблейн нэгдсэн хуралдаанаараа ТХЗ-уудыг удаа дараа нухацтайгаар хэлэлцэж ирсэн. Мөн хэрэгжилтэд гарч буй ахиц дэвшил, сайн туршлагыг хуваалцах, тулгарч буй бэрхшээл сорилтоо шийдвэрлэх арга замаа хамтран тодорхойлох боломж олгох зорилгоор бүс нутгийн парламентын чуулганыг санаачлан, хамтран зохион байгуулан, тусалж дэмжиж байгаад бид ихээхэн талархаж байгаа.  Вьетнам Улсын Хочимин хотод болсон ТХЗ-ын асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн анхдугаар чуулганаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй  арга хэмжээ, гарч буй ахиц дэвшлийн талаар товч танилцуулъя.

 Өнгөрсөн чуулганаар ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад гүйцэтгэх парламентын үүрэг оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлуудыг түлхүү хөндөн ярилцсан.  ТХЗ-ын хэрэгжилтэд гүйцэтгэх үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын парламент 2018 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд Тогтвортой хөгжлийн дэд хороог байгуулсан. Ижил чиг үүрэг бүхий хороо дэлхийн улс орнуудын парламентын зөвхөн 30 орчим хувьд нь л байгаа нь Монгол Улсын Их Хурал уг асуудалд ихээхэн ач холбогдол өгч буйн нотолгоо юм.  Уг дэд хороо нь байгууллага хоорондын уялдааг сайжруулах, НҮБ болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах, хурал чуулганд илтгэл тавьж, хэлэлцүүлэх, Үндэсний сайн дурын тайлан бэлтгэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Мөн Хочиминий чуулганаар ашиглахыг уриалсан ТХЗ-ын хэрэгжилтийн асуудлаар парламент өөрийгөө хэрхэн үнэлж байгаа тухай ОУПХ-ны удирдамжийг орчуулан, үйл ажиллагаандаа хэрэглэж эхлээд байна.

           Хэлэлцсэн гол сэдэв болох уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны асуудлын тухайд Монгол Улсын парламент энэ чиглэлээрх олон улсын гэрээ, конвенцуудад нэгдэн орсноос гадна “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний бодлогын баримт бичиг батлан, ногоон хөгжил, ногоон эдийн засагт шилжихийг зорьж байна. Монгол Улс Дэлхийн ногоон эдийн засгийн индексийн “Манлайлал”-ын үзүүлэлтээр “сайн” үнэлгээ авсан. 

          Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход анхаарахаас гадна үйлдвэрлэлийн салбарт байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, бохирдуулагч нь төлбөр төлөх зэрэг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нэгэнт ялгарсан хүлэмжийн хийг шингээх ой мод, ургамалан нөмрөгийг нэмэгдүүлэх зэрэг хүлэмжийн хийн бус аргаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах чиглэл баримтлан ажиллаж байна.

            Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр сүүлийн 2 жилд монголын парламент Хог хаягдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Ус бохирдуулсны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулснаар орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон татвар, ногоон худалдан авалтын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн орчны томоохон шинэчлэлүүдийг хийж чадлаа.  Монгол Улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдэд 2015-2018 онд нийт 4 удаа үнэлгээ хийсэн. Түүнээс гадна Засгийн газар 2019 онд Тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох үүрэг бүхий 8 дэд ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Энэ хүрээнд Тогтвортой Хөгжлийн Зорилтын шалгуур үзүүлэлтүүдийг үндэснийхээ онцлогт тохируулан нэмж боловсруулж байна. Ингэхдээ, үнэлэх боломжгүй тохиолдолд аргачлалыг нь бий болгох, мэдээллийн эх үүсвэр нь тодорхойгүй бол тодруулах зорилгоор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ