АН Г.Батхүү агсны амиа алдсан асуудлаар ОУПХ-нд хандахыг хүслээ

АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Улсын Их Хурлын Дэд дарга, Тусгай хяналтын хорооны даргаар ажиллаж байсан, төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд амь насаа алдсан асуудлыг авч хэлэлцжээ.

Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтууд, хэрэгт хамаарал бүхий хүмүүсийн олон нийтэд хандсан мэдэгдлүүдээс үзэхэд өнөөдрийн байдлаар Г.Батхүү агсан гадны нөлөөгөөр өндрөөс унасан гэмтлүүдийн улмаас амь насаа алдсан нь улам бүр тодорхой болж байна.

Парламентад суудалтай, улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн өндөржүүлсэн тусгай хамгаалалт бүхий Засгийн газрын ордонд амь насаа алдаад даруй 10 гаруй хоног өнгөрөөд байхад өнөөдөр Хууль хяналтын байгууллагын зүгээс тухайн хэргийг мөрдөн шалгаж байна гэдгээс өөр мэдээлэл албан ёсоор огт хийгдээгүй байна.

Төр нийгэм, улс төрийн зүтгэлтэн ийнхүү амь насаа алдсан нь анхны тохиолдол биш бөгөөд Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэг өнөөдөр хүртэл улс төр, хууль эрх зүйн маргааныг дагуулсан хэвээр байна. Бидэнд өмнөх алдаа сургамжаа үнэлэн цэгнэж дахин давтагдахаас сэргийлэх зүй ёсны шаардлага тулгарч байна.

Тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах, хөндлөнгийн хяналт тавиулах үүднээс энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд Олон Улсын Парламентын Холбоогоор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөл үзэж байна.

Нөгөөтэйгүүр энэ долоо хоногт буюу 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган зохион байгуулагдаж байгаа тул уг асуудлыг Олон Улсын Парламентын холбоонд албан ёсоор тавих, нааштайгаар шийдвэрлүүлэх, цаг хугацааны хувьд болон агуулга, хэлбэрийн хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн байна гэж Улсын  Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс үзэж байна.

Иймд Таныг Улсын Их Хурал дахь Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын хувьд дээрх асуудлаар Олон Улсын Парламентын Холбоонд цаг алдалгүй хандаж, асуудлыг нааштайгаар нэн яаралтай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс хүсч байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ