• Оюутолгойн гэрээнд Монгол улс хэзээ ч шийдвэрлэх эрхтэй болохгүйг тусгажээ

    УИХ-аас томилогдсон Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээс манай сайт цувралаар хүргэж байгаа. Энэ удаа Монгол улс Оюутолгойн ордоо ашиглах асуудал дээр хэзээ ч шийдвэрлэх эрхтэй оролцож чадахгүй тухай асуудлыг хүргэж байна.

    Монгол улс Оюутолгойг ашиглах гэрээг хөрөнгө оруулагчидтай хийгээд даруй 10 жил болж байна. Энэхүү гэрээгээр Монгол улс тус ордын 34 хувийг хөрөнгө оруулагч “Рио Тинто” тэргүүтэн 66 хувийг эзэмшихээр болсон. Ингэхдээ Монгол улс 34 хувьд оногдох хөрөнгө мөнгийг хөрөнгө оруулагч талаас хүүтэй зээлж өрөнд орсон.

    Мөн далд уурхай барих хөрөнгө оруулалт асар ихээр нэмэгдэж тэр хэмжээгээр Монгол улсын өр өсч билээ. Үүнээс болоод 50-аас дээш хувийг Монголын тал авах хугацаа 2041 он хүртэл сунасан.

    Ингээд 2041 оноос Монголын тал 50-аас дээш хувийг эзэмших ч шийдвэрлэх эрхгүй байхаар заасныг УИХ-ын ажлын хэсэг дүгнэжээ. Уг нь УИХ-аас 2009 онд 57 дугаар тогтоолыг батлан, Засгийн газарт даалгахдаа анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн буюу Монгол улсын эзэмшлийн хувийг 50-аас доошгүй болгохоор тусгасан юм.

    Гэвч 2009 онд 20 мянган хувьсагчаар бодож гэрээг хийж баталсан гэгддэг С.Баярцогт нар ч, хожим 2015 онд Дубайн гэрээ гээчийг байгуулсан Ч.Сайханбилэг нар ч энэхүү Монгол улсын 50 хувиас доошгүйг эзэмших асуудлыг улам  бүр хойшлуулсаар 2041 он болгосон.

    Мөн 50 хувь нь Монгол улсад шилжлээ ч компанийн ТУЗ-ийн бүх хурал, хувь нийлүүлэгчдийн бүх хуралд хөрөнгө оруулагч тал шийдвэрлэх эрхтэй байхаар зохицуулсан байгаа юм.

    Энэ мэтээс УИХ-ын ажлын хэсэг дүгнэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээнээс эхлээд хувь нийлүүлэгчдийн гэрээ, наашлаад Дубайн гэрээг ч “Олон улсын гэрээ” гэж үзэж болохгүй хэмээжээ. Тиймээс эдгээр гэрээг олон улсын хувийн эрхзүйн харилцааг зохицуулж буй баримт бичигт хамаарна гэжээ.

    Дубайн гэрээ нь хөрөнгө оруулалтын гэрээнд тавигдах хууль, эрхзүйн шаардлагыг хангахгүй байх тул хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэх үндэслэлгүй байгаа юм гэсэн байна.

    Ингээд УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг Оюутолгой төлсийн хөрөнгө оруулалтын гэрээ, НӨОДТХНГ-д мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулж ажиллуулан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сйажруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн тус ажлын хэсэг Дубайн гэрээг хүчингүй болгохоор дүгнэжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ