Үндсэн хуулийн Цэц 42 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц иргэн Д.Ганхуяг нарын гомдол мэдээллийг хянан хэлэлцэнэ. Тэд ҮХЦ-д УИХ Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөхдөө Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан хэмээсэн. Уг мэдээллийг ҮХЦ хянан үзээд маргаан үүсгэж ийн хэлэлцэх гэж байгаа юм.

Улстөрийн хүрээнийхэн ҮХЦ УИХ-ын шийдвэрийг буруу, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх юм бол 42 дугаар тойрогт болох нөхөн сонгууль цуцлагдана. Ингэвэл тус тойрог ирэх сонгууль хүртэл төлөөлөлгүй үлдэнэ. Энэ удаагийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль улстөрийн намууд болон хувь улстөрчдийг эргэлзүүлж байгаа учраас сонгууль болохгүй бол бүгд л ил далд баярлах нигууртай.

Гэвч улстөр хийж буй нөхдүүд эрх баригч МАН-д энэхүү сонгуулийг явуулахгүй байгаа бурууг тохох гэж оролдож байгаа. Ялангуяа МАХН-аасаа нэр дэвшихээ зарлаад байгаа Н.Энхбаяр, нэр дэвшигчээ өнөөдөр тодруулах АН энэхүү нөхөн сонгуулиар улстөр хийж буй билээ.

Харин Цэцэд уг асуудлыг тавьсан судлаач Д.Ганхуяг нь МАН-ын захиалгаар гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотойгоор асуудлыг гаргаж тавьсан байх магадлал өндөр хэмээж байгаа. Д.Ганхуягийн хувьд Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгатай ах дүүгийн харилцаатай нь ийнхүү хардахад хүргэж буй.

Уг нь энэ цагт улстөрчдийн рейтингийг тасархай тэргүүлж байгаа Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд нөхөн сонгуульд нэр дэвшвэл сонгогдох боломж бусад ямар ч намын нэр дэвшигчдээс хамаагүй илүү байгаа.

Тэгвэл нэр хүнд өндөр байгаа У.Хүрэлсүх УИХ-д ороод ирвэл ирэх сонгуулиудад МАН-аа дахин ялуулах боломж нь бүр өндөрсөх болно. Тиймээс түүний нэр хүндийг унагах, нөхөн сонгуулийг явуулахгүй байх сонирхол Ерөнхийлөгчид ч АН-д ч байгаа хэмээх хүмүүс цөөнгүй байна..

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ