Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол,Кувейтын судалгааны төвд Ерөнхий сайд,сайдууд,хотын дарга нарыг дагуулан очиж ажиллажээ

2019-05-27

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдрийн ням гаригт  Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын хамт Монгол-Кувейтын судалгааны төвд ажиллажээ. Уг төв нь байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, нэн ховор амьтан ургамал хамгаалах, хөрс, ус, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой.

Тус төвийнхэн Богдхан уулын дархан цаазат газартай хамтран судалгаа, шинжилгээ хийж дэлхийн хамгийн анхны дархан цаазат уул болох Богдхан ууланд хамгаалалтын бүс тогтоох, булаг шандын эхийг сэргээх төсөл бэлтгэснээ  Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд  танилцуулсан байна.  Мөн Монгол-Кувейтын судалгааны төвийнхэн Кувейтын Шинжлэх ухааны судалгааны төвтэй хамтран ажиллахаар бэлтгэж байгаагаа танилцуулав. Бодитой судалгаанд, тэр дундаа цөлжилт, ундны усны асуудалд анхаарч ажиллавал Кувейтын сан тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ ч мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол оронд цөлжилт хурдацтай тархаж байгаа ч тодорхой бодлого гаргахгүй байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулж хэлсэн байна.

Мөн Монголын хөрсөнд тохирсон бордоо, технологийг нэгдсэн бодлогод зангидах, энэ төвийн үйл ажиллагаанд тулгуурлан судалгаа, шинжилгээний ажлуудаа нэгтгэх шаардлагатай гэсэн юм.

Мөн “Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч С.Очир-Эрдэнэ Монгол Улсын аялал жуулчлалын нэгдсэн бодлого баримт, бичгийг танилцуулжээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгааг тодорхойлж, баримт бичиг гаргахын тулд гурван жилийн өмнөөс судалгааг эхлүүлсэн бөгөөд Монгол орноор 60-80 мянган км аялж, хаана, ямар асуудал байгааг нэг бүрчлэн тэмдэглэсэн байна. Мөн өргөн, уудам газар нутагтай Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд авто зам, агаарын тээвэр болон олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг тусгасан гэнэ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ бүсчилсэн байдлаар буюу жишээ нь, босоо тэнхлэгийн дагуу Баянхонгороос-Архангай-Өмнөговь гэсэн маршрут гаргах боломжтой юм байна. Ингэснээр Улаанбаатар-Өмнөговь-Улаанбаатар гэсэн маршрутаар явдаг одоогийн аялал жуулчлалын маршрут өөрчлөгдөж, илүү олон зүйлийг үзэж, харах боломжтой болно зэрэг олон асуудлыг танилцуулжээ.

“Монгол-Кувейтын судалгааны төв” ТӨҮГ нь БОАЖЯ-ны харьяанд байж байгаад өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын харъялалд шилжсэн байна.

Эх сурвалж:President.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ