Абэ Трампад сумо үзүүлж,шарсан мах амтлуулж,шинэ Эзэн хаантайгаа уулзуулах зэргээр хүндэтгэлийн бүхий л боломжоо ашиглав

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш утсаар болон биечлэн нийт 40 удаагийн харилцан яриа өрнүүлжээ. Энэ нь тэдний хооронд  онцгой харилцаа холбоо тогтсоныг харуулж буй явдал аж.  Трампын Японд хийж буй айлчлалыг тохиолдуулан ноён Абэ өөрийн хамгийн дотнын холбоотон Трампад хүндэтгэл үзүүлэхийн тулд бүхий л боломжуудыг ашиглаж байна.

Ерөнхийлөгч Трампын гурван өдрийн айлчлалаар ноён Абэ түүнийг орон нутаг дахь ил гал дээр шарсан махтай зоогийн газарт оруулахаар болжээ. Энгийн оройн зоогийг Япончууд  бизнесийн гэрээ, хэлэлцээр байгуулахад хатуу хил зааг, хэт албаны байдлыг зөөллөх зорилгоор хэрэглэдэг.Абэгийн хүндэт зочноо дайлсан  зоогийн газар нь Робатаяаки буюу Японы уламжлалт ил гал дээр шарсан хоолоороо алдартай аж. Ногоо, мах, далайн бүтээгдэхүүнээс хүссэн сонголтоо хийн, мэргэжлийн тогоочдын хоолны шоуг үзэн сонирхох боломжтой орчин ажээ.

Ноён Абэ ил гал дээрх хоолыг сонгохдоо  АНУ-ын Ерөнхийлөгчийг түргэн хоол, стейкэнд дуртайг мэддэг учраас тэр гэнэ.  2017 онд Абэ, Трамп нар оройн зоог барихдаа мөн л адил төмөр тавган дээр шарсан стейк байжээ.

“Орон нутгийн  зоогийн газарт хооллосноор Япон, түүний соёлын талаар бага ч болтугай зүйлийг мэдэж авах боломжтой байдаг. Хоол нь өөрөө Японы соёлын нэгээхэн илэрхийлэл учраас дэлхий дахинд Япон улсыг илэрхийлэх тэргүүлэх чиглэл яах аргагүй мөн юм. Японы Ерөнхий сайдуудын хувьд хувь хүний сонирхолд нь тааруулсан оройн зоогийг сонгодог нь тус улсад өмнө нь айлчилж байсан төрийн тэргүүнүүдийн оройн зоогноос харагдана.Жишээлбэл, 2014 онд тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Барак Обамаг айлчлахад зөвхөн алдартнуудад үйлчилдэг сүши тогооч Сүкияабашигаар бэлдүүлсэн сүшигээр дайлж байв. Харин 2002 онд Японы Ерөнхий сайд байсан Жүничиро Койзүми АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн айлчлалын үеэр Япончуудын өдөр тутмын амьдралын хэв маягийн нэг хэсэг болсон изакаяад хамт хооллож байсан юм. Изакаяа гэдэг Японы ажлын дараахь алжаалаа тайлах, идэх, уух зориулалт бүхий уушийн газар юм” хэмээн нэгэн ажиглагч ярьжээ.

Японы шинэ Эзэн хаантай уулзах анхны удирдагч

Трампийн Япон улс дахь айлчлал нь  Японы соёлын илэрхийлэл болсон хоолыг нь идэх, дотнын холбоотон Ерөнхий сайд Абэтай гольф тоглохоос гадна хамгийн чухал үйл явдал бол Японы шинэ Эзэн хаан Нарухитотой хийх уулзалт юм.

Дональд Трамп ийнхүү Японы шинэ Эзэн хаантай уулзаж буй анхны гадаад улсын тэргүүн болж байгаа бөгөөд үүндээ ч их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Дональд Трамп   Цагаан ордод хийсэн мэдэгдлээрээ сэтгүүлчдэд “Ерөнхий сайд Абэ надад “Чи бол хүндэт зочин. Ганц л хүндэт зочин байгаа бөгөөд тэр чи” гэж хэлсэн гэжээ.

Дональд Трампийн хувьд тулааны спортод нэлээд дуртай бөгөөд Америк бөхийн тэмцээнийг хэд хэдэн удаа үзэж байжээ. Харин Япон улс дахь айлчлалынхаа үеэр Япон үндэсний сумог бөхийн хүндэт зочны суудлаас хүлээн авч үзлээ.Ердийн үзэгчдийн эгнээнд биш, тэмцээний талбайд хамгийн ойр суудал буюу хамгийн хүндэтгэлтэй суудалд суужээ.

Трамп мөн ням гаригт Токио хотноо болсон Зуны сумогийн тэмцээний ялагчид өөрийн нэрэмжит  “Трамп цом”-оо гардуулан өгсөн юм.

Хятад,Америкийн худалдааны дайнаас сэргийлэх нь Японы гол зорилго

Дональд Трамп худалдааны салбар дахь голлох түнш улсууд болон АНУ-ын эдийн засгийн хоорондын холбоог шударга гэж үзэн, дахин тэнцвэржүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.

Тэгвэл Японы талын зорилго бол худалдааны дайнд Япон улсын эдийн засгийг аль болох бага өртүүлэх юм. Учир нь Трамп авто тээврийн хэрэгслийн импортын тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Автомашины үйлдвэрлэл,экспорт нь Японы эдийн засгийн гол нэг хөдөлгүүрийн нэг билээ.

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ