АН-ын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Тиймээс АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах юм. АН-ын ҮБХ тавдугаар сарын 27-ны өдөр хуралдах гэнэ.
Ж.Оюунбаатар нь 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэгвэл эрх баригч МАН энэ сарын 28-нд Бага хурлаа хуралдуулж, нэр дэвшигчээ дэвшүүлнэ.
Харин ирэх даваа гаригт ҮХЦ-ийн хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтооно. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол 42 дугаар тойргийн нөхөн сонгууль цуцлагдаж, Д.Гантулга эргээд УИХ-д суух болно.
Харин Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн ҮХЦ дүгнэвэл нөхөн сонгууль болдогоороо болно. Тэгвэл намуудаас нэр дэвшигчид төдийгүй бие даагчид уг сонгуульд нэрээ дэвшүүлэх байх. Энэ дунд АН-аас нэр дэвшигч Ж.Оюунбаатарт хамгийн их шавар хаалтууд бий.
АН-ын дарга байж тус намыг мандуулж явсан Н.Алтанхуяг намаасаа хасагдсандаа тун шаралхуу заавал намаа цэвэрлэнэ гэж яваа. Тэрбээр энэ удаагийн нөхөн сонгуульд Д.Хүдэрбаатарыг бие даалгана гэж буй. Энэ сацуу АН-аас УИХ-д сууж байсан Н.Гарамгайбаатар бас бие дааж өрсөлдөнө хэмээн зарласан. Тиймээс АН-ын нэр дэвшигчид нам нэгт “Баатар”-ууд нь шавар хаах нь тодорхой аж. Ийнхүү АН-аас өмнөх 2016 оны сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдсөн “Гурван баатар” энэ удаагийн нөхөн сонгуульд нэгийгээ үзэж нэхийгээ тайлалцах нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.