• УИХ Татварын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр “Оюутолгой”-н татварын асуудал хөндөгдөв

    2019-05-24

    УИХ-ын  2019 оны хаврын ээлжит чуулганы   хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэв.

    Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Л.Мөнхбаатар  нар тус тус танилцуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын даргад ирүүлсэн албан бичигт, Татварын багц хуулийн төслийг УИХ-ын  ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй.Түүнчлэн, бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн, гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон” татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг УИХ-ын гишүүдэд олгох нь зүйтэй гэх мэтээр хориг тавьсан.

    Мөн   мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудийг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй гэсэн байв.

    Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй байна. 

    Ерөнхийлөгчөөс тавьсан хориг болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Дамба-Очир нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас “Оюутолгой” ХХК гурав дахин илүү олборлолт хийж байгаа атлаа бага татвар төлж байгаа шалтгаан, нөхцөлийг тодруулав. Click To Tweet Мөн гадаадын хөрөнгө оруулагч компаниудад ногдуулах 20 хувийн татварыг 5 хувь болгосон эсэхийг илүүтэй  лавлаж байлаа.

    Олон улсын санхүүгийн үндэстэн дамнасан бүлэглэлүүд ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад татвар, санхүү төлөхөөс зайлсхийдэг байдлыг таслан зогсоохын тулд БЭПС олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монголын татварын эрх зүйн орчныг сайжруулахаар татварын хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа бид БЭПС-тэй  хамтарч ажиллаж, ОУВС, Дэлхийн банк, Японы ЖАЙКА зэрэг байгууллагын зөвлөгөөг авч ажилласныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  хариултдаа онцлов. Мөн тэрбээр татварын багц хуулийг боловсруулахдаа Монгол Улс татвараа гүйцэт авах зарчмыг баримталсныг дурдаад цаашид ч төлөөгүй байгаа албан татварыг авахаар эцсээ хүртэл явна гэдгээ мэдэгдлээ. Харин ажлын хэсгийн зүгээс “Оюутолгой” ХХК-н гадагшаа шилжүүлэх орлогод ногдуулах татварыг таван хувь болгосныг ор үндэсгүй хэмээн няцаав.

    Мөн Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 20 хувиар татвар төлөх заалт хэвээр байгааг дурдаад уул уурхайн тусгай лиценз эзэмшдэггүй Монгол Улсын компани дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй бонд босгож чадсан тохиолдолд  5 хувийн татвар төлнө гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

    “Эрдэнэт  үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хооронд татварын дэглэмээр нь авч үзвэл  “Оюутолгой” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээгээ тогтворжуулсан байгаа. Үүн дээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийн таван хувийг төлж, өсөн нэмэгдэх татварыг  төлөхгүй байхаар зохицуулсан.

    2018 оны байдлаар “Оюутолгой” ХХК 320.2 тэрбум төгрөгийн татварт төлснөөс 246.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 73.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төлсөн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 551.6 тэрбум төгрөгийн татвар төлснөөс 503 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 48.7 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төлсөн байдаг. “Оюутолгой” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар алдагдалтай ажиллаж байгаа бол “Эрдэнэт үйлдвэр” ашигтай ажиллаж байгаа.

    2018 оны тайлангаар “Оюутолгой” ХХК 15,4 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 171.4 тэрбум төгрөг төлсөн байгаагаас харахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр 155 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна гэж ойлгох ёстой хэмээн Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хариулж байлаа.

    Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь нь  дэмжиж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.

    Эх сурвалж:УИХ-ын Тамгын газрын ХМА

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ