• Ерөнхийлөгчийн араас Ж.Батзандан УИХ-ыг шүүмжиллээ

    УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гэж олон хүн итгэж байсан байх. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа чинь нэг л гөлийчихөөд явахгүй байна. Иргэд олон түмний зүгээс ч үүнийг хэлж байна. “Их хүлээлт байна. Гэвч нэг л том тэсрэлт гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэж өгөхгүй. Би Наад төр чинь бүр гөлийчихлөө” гэж хэлж байна.

    Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч биднийг дуудаж уулзаад “Наад архидалтаа болиоч” гэж хэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүд архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид очсон байна. Төрийн ордонд зүгээр орж ирсэн хүнийг архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэсэн ойлголт ард түмний дунд бий боллоо. Яаж УИХ-ын гишүүд сахилга батаа сайжруулах юм бэ. Энэ асуудлаа бид ярих ёстой.

    Бид нар М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. Түүний хойш УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Үүнийгээ одоо яръя. Нийгэмд тулгамдаад байгаа өр зээлийн асуудал, бухимдал үүсгээд байгаа Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, сүрьеэ өвчний асуудал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг одоо яръя.

    Засгийн газрын холбогдох хүмүүсийг дуудаад ямар шийдэл гаргаж ажиллаж байгааг нь асууя. Шийдэл гаргаж чадахгүй бол ажлаа өг гэдгийг нь хэлье. Монголын ард түмний өмнө бид хариуцлагатай ажиллах ёстой. МАНАН-гаас салчихвал Монгол сайхан болно гэсэн. МАНАН-гийн зарим дарга нарыг зайлуулсан. Гэвч сайжраад байгаа юм харагдахгүй байна” хэмээлээ.

    Ийнхүү өчигдөр ерөнхийлөгч, өнөөдөр Ж.Батзандан гишүүн УИХ-ын үйл ажиллагааг шүүмжиллээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ