• МАХН Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дарга Н.Энхбаярыгаа нэр дэвшүүллээ

    Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намууд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа эхлээд байна. Хамгийн түрүүнд МАХН Бага чуулганаа өнөөдөр хуралдуулж Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодрууллаа. Тодруулбал, МАХН-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт тус намын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлсэн байна.  Түүний нэрийг хуулийн хугацаанд СЕХ-нд хүргүүлэхээр болжээ.

    МАХН-ын дарга Н.Энхбаяр “Манай нам хуулийн дагуу ажилладаг. Хуулийн дагуу МАХН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажлаа зохион байгууллаа. Ингээд ардчилсан зарчмын дагуу надад итгэл хүлээлгэж, намайг нөхөн сонгуульд оролцуулах болсон Бага чуулганы гишүүддээ баярлалаа.Эрх баригчид энэ сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Ямар нүүрээрээ тэнд очих вэ, итгэлийг нь даагаагүй шүү дээ гэж бодож байгаа. Тиймдээ ч сонгуулийг хойшлуулах ажлыг удаа дараа хийж байна. Бид Хэнтий аймгийн сонгогчдыг хүндэтгэх ёстой” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ