Оюутолгойн Монгол ажилчид 2-5 сая, гадаад ажилчид 20-40 саяын цалинтай

УИХ-аас томилогдсон Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээс gereg.mn  сайт цувралаар хүргэж байгаа. Энэ удаа гадаад болон монгол ажилчдын харьцаа, ажилчдын цалин хөлсний талаарх ажлын хэсгийн дүгнэлтээс хүргэж байна.

Цувралын эхний хэсэг буюу УЛСТӨРИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ НЭРЭЭР ОЮУТОЛГОЙГ БАРЬЦААНД ТАВЬЖЭЭ гарчигтай мэдээллийг  ЭНД-ээс уншина уу.

….Гадаад, дотоод ажилчдын тоо 10/90 харьцаатай байх заалт гэрээнд бий. Тэгвэл энэхүү харьцаа нь төсөл хэрэгжиж эхэлсэн эхний жилүүдэд буюу /2010-2012/ онуудад алдагдаж байсан ч 13 оноос гэрээний заалт хангагдаж ирсэн гэжээ. Оюутолгой төсөлд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар 14761 хүн ажиллаж байжээ.Монгол ажилчид 13748, гадаадынх 977 байна.

Оюутолгой төсөлд гадаадын иргэдийг ажиллуулахад шаардагдах бүхийл үйл ажиллагааг хөнгөвчлөх, шуурхайлах талаар гаргасан Хөрөнгө оруулагчийн хүсэлтэд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэсэн үүргээ Засгийн газар, ХНХЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газар бүрэн биелүүлж Оюутолгой болон туслан гүйцэтгэгч компанийн гадаад ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрлийг цаг тухайд нь өгч ажилласан байна.

Оюутолгойн ил болон далд уурхайд монгол ажилчид орчин үеийн үйлдвэрлэл, технологийг эзэмшиж байгаа нь бодит үр дүн гэж үзэж байгаа аж. 5 жил тутамд ажилчдыг сургах болон сургалтын стратеги төлөвлөгөө гаргаж танилцуулах ёстой ч 2014 оноос хойш хэрхсэн нь тодорхойгүй байгаа аж.

Оюутолгой боловсролд зориулж 178 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулсан гэсэн мэдээллийг ажлын хэсэгт ирүүлжээ.

2018 оны эхний 4 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд нийт 2687 даатгуулагч тусгаснаас 213 гадаад 2474 монгол ажилчинтай гэж мэдүүлжээ. Нийт 103.15 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого гэж мэдүүлснээс гадаад ажилтны 36.31 тэрбум төгрөг, монгол ажилчдын 66.82 тэрбум төгрөг гэж тайлагнажээ. Эндээс харвал Оюутолгойн монгол ажилчид сард 2-5 сая гадаад ажилчид 20-40 саяын цалин авдаг гэсэн үг.

“Спейшлайзд Карьер Консалтинг” компанийн цалингийн дунджийг 2017 оны байдлаарх Оюутолгой компанийн монгол ажилтнуудын цалинтай харьцуулахад дөрөв дахин бага. Харин “Оюутолгой” ХХК-“ийн монгол ажилчдын дундаж цалинг гадаад ажилчдын цалинтай харьцуулахад /2009-2017 он/ 5-15 дахин бага байгаа аж. Гадаад,монгол ажилчдын цалин хэт их зөрүүтэй байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээний тодорхойлолтод заасан зарчим үйлчлэхгүй байгааг харуулж байгаа гэж УИХ-ын ажлын хэсэг дүгнэжээ. Тиймээс уг цалингийн зөрүүг арилгахын тулд нарийн мэдээллүүдийг үзэх шаардлагатай гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ