• 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь байхаар тооцжээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед МАН-ын бүлэг завсарлага авсан.

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд, 118 ажил өрнүүлэхээр тусгажээ. Эдгээр ажилд 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь байхаар хэмээн тооцжээ. Мөн инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байх аж.

    Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд 13.00 цаг болсон тул түр хойшлуулаад байсан юм. Харин үдээс хойш буюу 15.00 цагт эхэлсэн хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн болон бусад байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах үед УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын нэг өдрийн завсарлага авснаар хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэхээр болоод байна.

    Чуулганаар мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ