• Д.Эрдэнэбат:Намайг яллагдагчаар татсан нь үнэн,гэхдээ би “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд ирснийг зөв гэж үздэг

    2019-05-23

    -Өөрт нь холбогдох мэдээлэл нийтэд гарсныг шалгуулах хүсэлтийг АТГ,прокурорт тавьжээ-


    УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар АТГ-т шалгаж ,улмаар яллагдагчаар татсан. Тэрбээр энэ тухай мэдээлэл хийв.

      Д.Эрдэнэбат:   

    АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн энэ сарын 21-нд    яллагдагчаар татах тухай тогтоолд гарын үсэг зурсан. Би хуулийн дагуу шалгуулаад явж байгаа.Гэтэл өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийхдээ миний нэрийг дурдсан.Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч  “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан.

    Ингэж  хууль зөрчиж надад холбогдох хэргийн мэдээллийг нийтэд мэдээлж байгаа учир АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүсэлт гаргаж байна.  Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн материалыг прокурорын зөвшөөрснөөс, прокурорын дэргэд мэдэгдэх боломжтой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж би үзэж байна. Иймд нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг би АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүргүүлж байна.

    Ер нь бол  ОХУ-ын компанийн өмчлөлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар Монголдоо оруулж ирсэн шийдвэрийг би зөв гэж үздэг. Энэ асуудалтай холбоотойгоор намайг АТГ-аас шалгаж, мөрдөн байцаалт явуулж байна.

    “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй байтал Монгол Улсад онц ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэл гаргаж байгааг буруу гэж үздэг.  “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд ирснээр “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын компани болсон.  Энэ асуудлыг шалгах нэрээр  энэ  үйлдвэрийн өмнөх үйл ажиллагааны хулгай, луйврыг хаацайлах гэж оролдож байна.

    Би тухайн үед Аж үйлдвэрийн сайдын хувиар “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээсэн.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ