Х.Баделхан: 30 мянган төрийн албан хаагчийг орон сууцжуулах зорилт тавьсан

2019-05-22

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /НББСШУБХ/-ны өчигдрийн хуралдааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы мэдээллийг сонслоо. Х.Баделхан 30 мянган төрийн албан хаагчийг орон сууцжуулах зорилт тавьсан талаар мэдээлэлдээ дурдсан юм.

Манай улсад 192 мянган төрийн албан хаагч байгаагийн 127 мянга буюу 66.3 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцтай гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн 62 мянга нь боловсролын салбарын, 20 мянга гаруй нь эрүүл мэндийн салбарт ажиллагсад байгаа аж.

Төрийн албан хаагчид дунджаар 60-70 ам.метр талбайтай орон сууцыг ам.метрийг нь 1.2 сая төгрөгөөр худалдан авах сонирхолтой байгаа аж. Мөн судалгаагаар, 20 гаруй мянган төрийн албан хаагч орон сууц түрээслэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд, түрээсийн 1512 орон сууцны сан бүрдүүлсэн бөгөөд тэрхүү орон сууцны 25 хувь буюу 325 орон сууцанд төрийн албан хаагчид амьдарч байгааг сайд мэдээлэлдээ дурдсан. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт 570 айлын, нийслэл хотод 972 айлын, нийтдээ 1542 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Засгийн газраас эдгээр орон сууцыг түрээсээр олгохоор шийдвэрлэсэн нөхцөлд 414 айлын орон сууцыг төрийн албан хаагч нарт олгох боломж бүрдэх аж. Мөн БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Баянголын ам, “Солонго-1”, “Солонго-2” хорооллуудыг дэд бүтцийн хамт барьж байгуулах бөгөөд энэ хөрөнгөөр ашиглалтад орох 7000 гаруй айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглах боломж бий болох юм байна. Үүнээс 750 айлын орон сууцыг төрийн албан хаагчдад олгоно хэмээлээ. Мөн БНХАУ-ын 350 сая юаны буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулан, эдгээрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийг түр суурьшуулах зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.

Засгийн газрын өнгөрсөн сарын 10-ны хуралдаанаар, Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Уг журмаар, иргэд өөрсдийн түрээслэн амьдарч буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр тав хүртэл жилийн хугацаанд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой болжээ.

Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээс хойш нийтдээ 69 мянган зээлдэгч 3.3 их наяд төгрөгийн зээл авснаас боловсролын салбарын 9.1 мянга, эрүүл мэндийн салбарын 4.2 мянга, бусад төрийн байгууллагын 16.8 мянган албан хаагч орон сууцтай болсон байна. Тус яамнаас Улаанбаатар хотод 100 мянган айлын, орон нутагт 50 мянган айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буй бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавьсан гэж сайд мэдээллээ.

БХБ-ын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд ипотекийн зээлийн олголт хангалтгүй байгаа, шинэ орон сууцны нэг ам.метр талбайн үнэ буурах бус нэмэгдсээр байгаа, иргэдийг орон сууцжуулах, утааг бууруулах асуудлаар УИХ-аас тогтоол баталсан ч хэрэгжихгүй байгаа асуудлыг хөндөв. Тиймээс яриад өнгөрөх бус Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж, батлах нь зүйтэй гэсэн санал ч гарав.

Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцэж буй асуудлыг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын багийг Эдийн засгийн, Өргөдлийн байнгын хороотой хамтран байгуулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулах нь зүйтэй хэмээн үзлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ