НМХГ: 29 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн цэцэрлэгүүдэд хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээллээ.

Шалгалтад 274 цэцэрлэг хамрагджээ. Боловсрол, эрүүл ахуй, барилга техник, хүнсний чанар стандарт, байгаль орчин зэрэг таван чиглэлээр явуулсан шалгалтаар 2860 зөрчил илрүүлж, 44 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Тухайлбал, шалгалтад хамрагдсан цэцэрлэгийн 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 53 хувь нь мэргэжлийн багшгүй, 23 хувь нь гэрчилгээгүй туслах багштай байсан бол хувийн цэцэрлэгийн 50 хувь нь зориулалтын байргүй, 84 хувь нь тоглоомын талбай, биеийн тамирын заалгүй зэрэг зөрчил илэрчээ.

Шалгалтаар 20 цэцэрлэг бага эрсдэлтэй, 63 цэцэрлэг дунд эрсдэлтэй, 25 цэцэрлэг өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Өндөр эрсдэлтэй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болжээ. Тусгай зөвшөөрлийн эрх нь 2017, 2018 онд дуусчихсан байхад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хоёр цэцэрлэг, шалгалтаас санаатайгаар зугтсан гэх Баянгол дүүргийн хоёр цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг хүргүүлэхээ мэдэгдлээ.

Түүнчлэн шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгийн 15 хувийнх нь барилга байгууламж хуучирч, хүчин чадлаас 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээж авч байгаа нь эрүүл ахуйн нормоос 0.5-2 дахин их байгаа аж. Энэ нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдийн дунд халдварт өвчин дамжих нөхцөл болж байна гэж үзжээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу цэцэрлэгийн багшийг зургаан сард нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ёстой ч энэ тушаал хэрэгжихгүй байгаа бөгөөд цэцэрлэгүүдийн 10 орчим хувь нь ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулалгүй ажилд авсан байдаг аж.

НМХГ-т боловсролын хяналттай холбоотой ирж буй гомдлын 10 хувийг багшийн ёс зүйтэй холбоотой гомдол эзэлдэг бол долоон хувийг нь туслах багшийн ёс зүйтэй холбоотой гомдол эзэлдэг байна. Шалтгаан нь туслах багш бэлтгэх түр сургалтын чанар хангалтгүй байгаатай холбоотой юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ