УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн бие биенээ шүүхээр шалгуулна

2019-05-20

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн лхагва гаригийн хуралдаан дээр Б.Дэлгэрсайхан гишүүн “Шоронгоос суллагдсан иргэний бүртгэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд байна уу. Ял эдэлж байсан хүн шоронгоос гарч ирээд төрийн бус  байгууллага байгуулан, уул уурхайн компанийг шантаажилдаг боллоо” хэмээсэн.  Гишүүний дээрх асуулга “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэнд хүндээр тусчээ. Тус бүлгэмийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал хийн, Б.Дэлгэрсайханы үйлдсэн гэмт хэргийн хажууд бидний нэр хүнд цэвэр. Эх орныхоо төлөө зүтгэж байгаа олон залуусыг яагаад шоронгийн хулгайч гэж хэлж байгаа юм. Бид хуулийн байгууллагад хандах болно” гэлээ.

Харин Б.Дэлгэрсайхан гишүүн  “Босоо хөх  Монгол” бүлгэмийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн захирал Хэрлэнг өмнө нь ял эдэлж байсан. Даланжаргалан суманд компани дээр очоод хамгаалалтыг нь дайрч орон, Засаг даргыг доромжилсон байдаг. Ингэж болохгүй гэдэг талаас нь Хууль зүйн байнгын хороон дээр ярьсан. Гэтэл намайг оффшор бүсэд  хөрөнгө байршуулж байсан, Швейцарьт тансаг байшинтай” гэх зэргээр ярьсан байна.

Хуулийн байгууллага намайг 2015 оноос хойш гадаадад их хэмжээний мөнгө нуусан байж болзошгүй гээд гурван жил шалгасан. Би гаднаас 700-гаад сая ам.доллар оруулж ирсэн. Түүгээр төмөр зам, үйлдвэр барьсан. Одоо ч мөн хамаарал бүхий компани маань хорголжингийн үйлдвэр барьж байна. Энэ мэт хийж буй ажил зөндөө бий. Швейцарьт тансаг байшин байтугай амбаар ч байхгүй. Швейцарын прокурор, Монголын Авлигатай тэмцэх газар хоёр хамтарч шалгаад хууль бус зүйл алга гэдгийг тогтоосон. Би гүтгэсэн асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Углуургаар нь шалгуулна” гэсэн тайлбарыг хийжээ.  Ямартай ч  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн бие биенээ шалгуулахаар шүүхэд хандахаа мэдэгдээд байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ