• Б.Баттөмөр: Ерөнхийлөгч илэрхий олон заалтад буруу тайлбар ирүүлсэн байна лээ

    Өнгөрсөн долоо хоногт шинээр батлагдсан Монгол улсын татварын багц хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Тус хоригийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэх юм. Энэхүү хууль ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Харин энэхүү хориг нь хүчингүй болчихсон хуульд тавьсан хориг болчихсон тухай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттерээр бичсэн билээ. Мөн тэрбээр хэвлэлийнхэнд тодруулга өгөхдөө Ерөнхийлөгч хуулийг ойлголгүйгээр хориг тавьсан хэмээн мэдэгдсэн юм.

    Тэгвэл УИХ-ын эдийн засагч гишүүдийн нэг Б.Баттөмөр ярилцлага өгөхдөө “Татварын багц хууль бол маш төвөгтэй хуулиудын нэг, тэр бүр ойлгоход хэцүү. Татварын багц хуулийн төсөлд ойлголтын зөрүү их байна уу даа л гэж харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ганц Татварын хууль уншаад суухгүй нь ойлгомжтой. Бүхэл бүтэн улсын хэмжээний том асуудлыг бодож сууж байгаа. Тийм учраас доор нь ажиллаж байгаа зөвлөхүүд нь санал бичиж орж байгаа нь ойлголтын зөрүүтэй байна гэж дүгнэхээр байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн ихэнх  заалтуудтай санал нийлэхгүй байгаа.  Нэг, хоёр заалтын тухайд бол  эргэж харах, ярилцах хэрэгтэй.  Илэрхий олон заалтуудад буруу тайлбар ирүүлсэн байна лээ” хэмээжээ.

    Б.Баттөмөр мөн “Ерөнхийлөгчид Татварын багц хуульд хориг тавих материалыг бэлдэж өгсөн хүмүүс нь Сангийн яам, ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж ойлголтын зөрүүгээ арилгах хэрэгтэй болов уу. Хориг тавьсан заалтууд дээрээ тодруулга аваад мэтгэлцэх нь зөв” гэсэн байна.

    Үүнээс гадна хамгийн чухал нь “Татварын багц хуулийн төслийг олон улсын байгууллага болох Дэлхийн банк, ОУВС сайшаан дэмжсэн. Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-аар өргөн мэдүүлэхээс өмнө маш өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тиймээс хэлэлцүүлгийн үр дүнгээр гаргасан саналыг хуульд тусгасан учраас харьцангуй алдаа багатай хууль болж батлагдсан” гэж мэдэгдлээ.

    Энэ удаагийн татварын хуулиар:

    -Жилийн 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч нь жилд нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горим сонгох боломжтой болгосон.

    -Татвар төлөгч татварын албанд тушаасан татварын тайлангаа өөрөө засах эрхтэй болж байна. Урьд нь ийм боломж байгаагүй.

    -Үйл ажиллагаа явуулж л байгаа бол огт татвар авахгүй байж болохгүй. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөг олсон ч гэсэн  нэг төгрөгийн татвар ч төлж байх ёстой. Борлуулалтын орлогынхоо нэг хувиар орлогын татвар төлнө гэдэг маш том боломж. Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд  татвар ногдуулах орлогыг нэг хувиар төлнө.

    -Татвар ногдуулах хувь нь 10-25 болж шилждэг босго нь гурван тэрбум төгрөг байсныг зургаан тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн.  Монголын татвар төлөгчдийн 99 хувь нь энэ ангилалд багтдаг. Үлдсэн нэг хувь нь зургаан тэрбумаас дээш орлоготой ААН-үүд 25 хувиар татвар төлнө” гэж тогтоосон тухай Б.Баттөмөр гишүүн онцолжээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ