Баривчлагдсан хүний тоо өнгөрсөн оныхоос 38 хувиар өсчээ

2019-05-20

Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд шалгалт хийсэн байна. Шалгалтаар Цагдаагийн байгууллагаас шүүхийн шийдвэрээр  баривчлах шийтгэл хүлээсэн этгээдийг Баривчлах төвд хүргэж өгөөгүй зөрчил тогтоогдоогүй байна.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлар “Ганц худаг” гэх газарт байрлаж байсан Баривчлах төвийн эрүүл ахуй, байрны багтаамжийг сайжруулах зорилгоор  409 дүгээр хаалттай хорих ангийн хуучин ашиглаж байсан хоригдлын байранд нүүлгэн шилжүүлж, засвар үйлчилгээ хийснээр одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд өнгөрсөн сарын байдлаар нийслэлийн 8 дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр баривчлагдсан нийт 2500 гаруй хүнийг хүлээн авч, шийтгэлийг эдлүүлсэн байна.

Баривчлагдсан этгээдүүдийн тоон үзүүлэлтийг урьд оныхтой харьцуулж үзэхэд  1601 хүн байжээ. Харин энэ оны мөн үеийн байдлаар баривчлагдсан хүний тоо 2566 болж, 965-аар буюу 38 хувиар өсчээ.

Баривчлагдсан этгээдийн тоо нэмэгдсэнээр байрны багтаамж нь хүрэлцэхгүй болж, нэг  хорих өрөөнд 13-16 хүнийг байршуулж байсан аж. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 409 дүгээр хаалттай хорих ангийн эзэмшилд байгаа 2 давхарын 24 өрөө бүхий 1660 м.кв талбайтай хэсгийг төвийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэн, засварын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Дээрх шалгалтын дүнг Баривчлах төвийн албан хаагч нарт танилцуулж, цаашид Цагдаагийн байгууллагаас баривчлагдсан хүнийг хүргэж өгсөнийг “Баривчлах байрны дотоод журам”-д заасан үндэслэлээр хүлээн аваагүй буцаасан үндэслэлийн талаар прокурорт даруй танилцуулга ирүүлж байх үүрэг чиглэл өгсөн байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ