• У.Хүрэлсүх Ш.Раднаасэдийн намаас гарах өргөдлийг хадгалж байя гэжээ

    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эрх баригч МАН-ын Хяналтын хороо хуралдаж, намаас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь бөөн шуугиан дагуулсан.

    Уг шийдвэртэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг хэлэлцсэн билээ. Хурлаас өмнө  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Нэртэйгээр нь намаас хөөчихгүй юу” гэсэн бол Ш.Раднаасэд “Төрийн ажилд нам хутгалдлаа” хэмээсэн. МАН-ын зарим гишүүд ч УИХ-ын гишүүний эрхэд халдсан, төрийн ажилд нам оролцлоо хэмээн шүүмжилж байлаа.

    МАН-ын бүлгийн хуралдаанд МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар оролцож,  хорооныхоо шийдвэрийг танилцуулжээ. Гишүүд асуулт, тодруулга авч, энэхүү шийдвэрээ Хяналтын хороо цуцлах ёстой гэжээ. Эсрэгээрээ Хяналтын хорооны дарга Батбаатар “Хяналтын хорооны шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, энэхүү шийдвэрийг намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх ёстой” хэмээж. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн  хувьд Хяналтын хорооны энэхүү шийдвэрийг огт мэдээгүй байсан гэсэн ба ингэхдээ Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын гишүүдийг зөвтгөөгүй гэнэ.

    МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдахад УЗ-ийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг шийдвэрийг хүлээж авах боломжгүй, Хяналтын хороо шийдвэрээ эргэн харах шаадлагатай хэмээн үзээд байна.

    Намынхаа УЗ-ийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намын даргадаа намаасаа гарах өргөдлөө өгсөн ч намын дарга У.Хүрэлсүх “Энэ өргөдлийг чинь би хүлээж авахгүй, гэхдээ хадгалж байя. Ш.Раднаасэдээ намаас гарна гэсэн зүйл байхгүй” гэжээ.

    Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарын гишүүдэд хариуцлага тооцох гэсэн нь доорх шалтгаантай.

    УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн.

    Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан нь батлагдсан гэдэгтэй холбоотой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ