Их Эзэн Чингис хааны мэндэлсэн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Их Монгол улсын Их Үзэн Чингис хааны мэндэлсэн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар хэдэн жилийн өмнө Их Эзэн Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн хэмээн “тогтоосон”. Гэвч Ц.Элбэгдоржийн зарлигласан Их хааны “төрсөн өдөр”-т итгэдэг хүн итгэдгүйгээсээ цөөн. Харин Их Эзэн Чингис хаан маань зуны тэргүүн сарын шинийн 16-ны улаан тэргэл өдөр мэндэлсэн гэдэгт итгэх хүн жин дарах бизээ.

Их эзэн Чингис хааны төрсөн оны талаар ерөнхийдөө хоёр санал байдаг. Персийн түүхч Рашид ад Дин “Судрын чуулган”-даа тэмдэглэснийг үндэслэн Оросын түүхч, академич Б.Я.Владимирцов “Чингис хаан”, В.В.Бартольд “Монголын түрэмгийллийн доорх Туркестан” зэрэг зохиолдоо Чингис хааныг хөхөгчин гахай жил буюу 1155 онд мэндэлсэн гэж үзсэн.

Харин дорно дахины болон манай сурвалж бичгүүд болох “Дай Юань улсын түүх”, Саган сэцэний “Эрдэнийн товч”, “Алтан товч”-оос эхлээд бүх л түүхийн ном судруудад Чингис хааныг усан морин жил буюу 1162 онд төрсөн гэдэг. Гэхдээ мөн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр төрсөн гэх нь бий.

Манай болон дэлхийн монголч эрдэмтдийн дийлэнх нь Чингис хааныг 1162 онд төрсөн гэдэг дээр санал нэгддэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.  Тиймээс бид ч 1162 оны энэ өдөр Их Эзэн Чингис төрсөн гэдэгт итгэж буй юм.

Энэ тухай түүхч, доктор Ю.Болдбаатар  өөрийн нүүр номондоо ийнхүү бичжээ.

…Өнөөдөр даяар Монголчууд нийтээр баярлан тэмдэглэж байгууштай ганц өдөр буюу тодруулбал Тусгаар тогтносон Монгол улсын иргэд төдийгүй ОХУ дахь Халимаг, Буриад, Тува, БНХАУ дахь Өвөр Монгол, Дээд Монгол, Иль, Тарвагатайн Ойрад Монголчууд болон Хятадын өөр мужуудад аж төрөх, түүнчлэн дэлхийн бусад улс орнуудад тархан суух нийт Монголчуудын нэгэн зэргээр баярлан тэмдэглэвэл зохистой өдөр нь гарцаагүй мөн болно. Учир нь Монголын нууц товчоонд “Зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл” гэх өдрөөс өөр тодорхой сар, өдөр тэмдэглэгдсэн нь үгүй. Чингэхдээ энэ өдөр гурвантаа дурдагддаг нь нэгэнтээ Тэмүжин Тайчуудад олзлогдон адлагдаж бүхүйд болсон хурим (81-р§), мөн андалдаж асан Тэмүжин Жамуха хоёр нүүсэн (118§), түүнчлэн тугаан тахиад дайнд мордсон (193§) байдаг нь тохиолдлын бус эрхэм чухал өдөр байсны тод нотолгоо билээ. Түүгээр ч барахгүй Чингис хааныг ч хожмын түүхийн сурвалжуудад чухам энэ өдөр төрсөн хэмээн тэмдэглэсэн байдаг.
Иймээс л Даяар Монголын ариун голомтыг сахих Туурга тусгаар Монгол улс санаачлан манлайлж үндэс угсаа, хэл, соёлын эх нэгт дэлхийн монголчуудтайгаа цаашид баярлан тэмдэглэж байх хамгийн боломжит өдөр бол “ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН 16-НЫ УЛААН ТЭРГЭЛ ӨДӨР” болно.
Өнөөдөр XYII жарны шороон гахай жилийн зуны тэргүүн луу сарын 16-ны улаан тэргэл өдөр” гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ