
Монголын ард түмний хайртай жүжигчин П.Цэрэндагва 1948 оны энэ өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мэндэлжээ.
1976 он УБДС-ийн Кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш УДЭТ хэмээх их айлд харъяалагдаж, “Хаан түүх” жүжгийн Хаан,
“Жамух” жүжгийн Чингис, “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг, “Хүйтэн сэнтий” жүжгийн Богд хаан,“Атга нөж” жүжгийн Хөхөчү гэх мэт түүхэн жүжгүүдийн дүрүүд,бусад олон жүжиг киноны дүрээрээ алдаршсан алдарт жүжигчин маань 2001 онд Монгол Улсын ардын жүжигчин хэмээн эрхэм алдрын эзэн болжээ. Хүн байхын утга учир бол ижийгээ хайрлах хэмээн Ардын жүжигчин маань өнгөрсөн онд “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Л.Батцэнгэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
П.Цэрэндагва жүжигчний үзэл бодлыг уншигч олондоо түгээх зорилгоор уг ярилцлагын зарим ишлэлийг түүвэрлэв.
Түүний ах П. Сандуйжав гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, авьяаслаг яруу найрагч хүн байв. Арваад насны зөрүүтэй ах нь түүнийг анх жүжигчин болоход “За, хүү минь чи, насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо доо. Энэ хүний хэлийг өөрийн хэл болгох гэж мөн ч их зовох байх даа. Буянаараа болог дээ” гэж хэлж байжээ. Тэр үедээ энэ үгийг сайн ухаараагүй ч одоо санах сэрэх болгондоо хүний хэлээр ярьж яваа гэдгээ ойлгодог гэнэ. “Хүний хэлийг өөрийн болгох гэж тавь гаруй жилийг жүжигчний ажилд үрчихэж дээ. Тэр үг нэг зорьсноосоо буцахгүй байхын ташуур, чигээрээ зөрүүдэлсэнийхээ хэрээр бодож явах бодлыг тархинд нэвт шингээж өгсөн нь миний ахын ухааны цараагийн нэг илрэл юм даа” хэмээн хайрт ахыгаа дурсан ярьжээ. Ахыгаа амьд ахуйд дэргэд нь архи ууж,тамхи татаж үзээгүй тийм л хүмүүжилтэй дүү байж.
Тэрбээр ямар ч зүйлд “олноос онцгойрох юм уу, олонд чирэгдэх гэдэг хоёр туйлшралыг тэгтлээ нэг их ойшоодоггүй. Ер нь хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг үүрсэн шиг үүрэх ёстой л гэж боддог”-оо хэлсэн байна.
Ардын жүжигчин П.Цэрэндагвын ухаарал хайрласан ишлэлүүд:
- Аливаа уран бүтээлд жижиг сажиг гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү тэнд сэтгэл, итгэл, зүтгэл байж л ажил болдог.
- Яг нийгмийнхээ мөн чанарыг таниад ирэхээр “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм.
- Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Click To TweetТэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа.
- Бид хэзээ ухаарч, гэгээрч, сэхээрэх юм бэ гэдэг л их бодууштай юм даа.
- Монгол ёс заншил, монгол соёл, монголтой холбоотой бүхнийг мартагнуулах гээд байна уу даа гэж би их халагладаг. Үүнийг төр засаг руу чичлэхээсээ өмнө хувь хүн би Монгол байхын тулд, Монголоо мэдрэхийн тулд, Монгол гэж ярихын тулд юу хийсэн юм бэ гэдгээ иргэн бүр санаж, сэдэж, ухаарах цаг нь болсон.
- Өнөөдөр монгол хэлнийхээ төлөө бүгд анхаарахгүй бол устаж мөхөх аюулын харанга дэлдэх цаг тулаад ирчихсэн байна шүү гэдгийг санаж сэрэх хэрэгтэй. Зохиол бичдэг хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Монгол хэлний эгшиглэнт чанар алдагдаад байна. Эгшиглэнт чанар алдагдана гэдэг ярианы хэлэнд яруу сайхан монгол хэл маань уусаж мөхөж байгаа юм шүү. Эзээгүй унших хүн цөөрчихсөн учраас тайвшраад байх шиг байна. Click To Tweet Уншдаг хүн ихдээд ирэхээр нэхэгдэхээс өөр гарцаагүй ажил болж байна гэж би мунхаглаж явдаг юм даа.
Түүний хань Ардын жүжигчин Д.Мэндбаяр.П.Цэрэндагва ханийнхаа тухай “Юу үнэн гэвэл хань минь надад өнөөг хүртэл нөмөр нөөлөг болж яваа нь орчлонгийн ганц үнэн” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.