
Хамгийн ойрын жишээ гэхэд МХЕГ-ын албаны дарга Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын байцаагчид хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг дарамталж, 700 гаруй сая төгрөгийн авлига авсан хэрэг 2017 онд гарсан. Хуулийн байгууллагаас гэрт нь нэгжлэг хийхэд 230.8 сая төгрөг, 152 мянган ам.доллар, 70 мянган юань бэлнээр гарч ирсэн. Энэ бол нотлох баримт хангалттай, үйлдэл дээрээ баригдсан авлигын хэрэг байлаа.
Гэтэл хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна, яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүллээ, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэх мэтээр хугацаа хожиж явсаар, анхны шатны шүүхэд очсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргав. УИХ-ын танхимд өөрчлөн баталсан өнөөх хуулийн заалт эдгээр байцаагч нарын хэрэг дээр ингэж хэрэгжсэн байдаг.
Тэгвэл Хөгжлийн банктай холбоотой томоохон авлига албан тушаалын хэргүүд ч яг энэ үндэслэлээр хаагдахад ойрхон болжээ. “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэрэгт хамгийн түрүүнд буюу 2015 оноос тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат холбогдон шалгагдсан байдаг.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд байсан М.Сономпил, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, ТОСК-ын захирал А.Гантулга нарын олон хүн холбогддог. Тэдний хэргийг нарийвчлан шалгаж, заримыг нь прокурор, шүүхэд шилжүүлсэн байдалтай байгаа. Тэгэхээр Хөгжлийн банктай холбогддог улс төрчдийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээсээр удахгүй хаагдах нь бараг л тодорхой байна.
Т.САЙХАН, ЗУУНЫ МЭДЭЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.