• Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн асуудлаар Цэц маргаан үүсгэжээ

    Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор судлаач Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж өргөдөл, мэдээлэл гаргасан. Мөн түүнээс гадна гурван иргэн бас энэ асуудлаар Цэцэд хандсан юм.

    Д.Ганхуяг нар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас ийн хандсан. Тэрбээр  “Үндсэн хуулийн 66 зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргасан” хэмээн тайлбарласан.

    Харин Үндсэн хуулийн цэц түүний гомдлын дагуу маргаан үүсгээд байгаа аж.  Үүний өмнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг хойшлуулж байсан билээ.

    Энэ удаа ч Үндсэн хуулийн цэц Д.Ганхуягийн өргөдөл, мэдээллийг авч хэлэлцээд ямар шийдвэр гаргах нь улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байна. Хэрэв Үндсэн хуулийн цэц Д.Ганхуягийн гомдлыг хүлээж авбал, УИХ-ын экс гишүүн Д.Гантулга эргэн ирнэ.  Д.Гантулга өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа.

    Хэрвээ тийм тохиолдолд нөхөн сонгууль цуцлагдана. Д.Ганхуяг судлаачийн үзэж байгаагаар ганц жилийн дараа ээлжит сонгууль болох гэж байхад нөхөн сонгууль хийгээд яах юм гэж буй. Нээрээ ч жил дараалан сонгууль хийх хэрэггүй мэт.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ